Р.Десантис сунгаанаас нэрээ татлаа

152


Флорида муж улсын захирагч Рон Десантис 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанаас нэрээ татаж буйгаа зарлаж, Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжихээ мэдэгдлээ. Нью-Хэмпшир муж улсад Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаа болохоос хоёр хоногийн өмнө тэрбээр ийнхүү мэдэгдэв.

“Хэрвээ надад таатай үр дүнд хүрэхийн тулд хийж чадах ямар нэг зүйл /кампанит ажлын хүрээнд илүү олон газар очих, илүү олон ярилцлага хийх гэх мэт/ байсан бол би үүнийг хийх байсан, гэхдээ би ялах нь тодорхойгүй байхад сайн дураараа цаг заваа гаргахыг, хандив өргөхийг дэмжигчдээсээ хүсэж чадахгүй. Иймээс миний бие өнөөдрөөс эхлэн сурталчилгааны кампанит ажлаа зогсоож байна” гэж Р.Десантис ням гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.

“Трампын хувьд одоогийн ерөнхийлөгч Жо Байденаас илүү. Энэ бол ойлгомжтой зүйл. Миний бие БНН-аас нэр дэвшсэн хүнийг дэмжих амлалтад гарын үсэг зурсан ба эл амлалтаа биелүүлэх болно” гэж тэрбээр хэлжээ. Д.Трампын кампанит ажлын багаас ням гарагт хийсэн мэдэгдэлдээ, ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байсан бусад олон хүмүүсийн нэгэн адил Р.Десантисын дэмжлэгийг авсан нь “нэр төрийн хэрэг” гэжээ.

Ингэснээр Р.Десантис Умард Дакота муж улсын захирагч Дуг Бёргам, бизнес эрхлэгч Вивек Рамасвами, сенатч Тим Скотт нар сунгаанаас нэрээ татсаны дараа Д.Трампыг дэмжсэн бас нэгэн нэр дэвшигч боллоо. Ням гаргийн орой Нью-Хэмпширт болсон цуглааны үеэр Д.Трамп Р.Десантист мэхийн ёсолж, дэмжлэг үзүүлсэнд нь талархал илэрхийлжээ.

Хэдийгээр Р.Десантис нэгдүгээр сарын 15-нд Айова муж улсад болсон сунгаанд хоёрдугаарт жагссан боловч Нью-Хэмпширт өрсөлдөгчдөөсөө нэлээд хоцорч байна. Нэгдүгээр сарын 16-19-ний хооронд CNN телевиз, Нью-Хэмпширийн их сургуулиас явуулсан санал асуулгаар Р.Десантис тус муж улсад 6 хувийн, Д.Трамп 50 хувийн, Никки Хейли 39 хувийн санал тус тус авахаар байна. Р.Десантисын мэдэгдлийн хариуд Н.Хейли хэлэхдээ "БНН-ын сунгаа одоо хоёрхон хүний өрсөлдөөн боллоо" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn