ТӨСӨЛ: 2028 оноос эхлэн тухайн байгууллагад ажилладаггүй хүнд шагнал олгохыг хориглоно

0


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллагуудын удирдлагууд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн болон ажлын албатай уулзаж, "Төрийн шагналын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Уулзалтын үр дүнд талууд төрийн болон салбарын шагналын шалгуурыг нарийвчлан тогтоох чиглэлээр ажлын хэсэг байгуулах, шагналд нэр дэвшүүлэх, олгох үйл явцыг хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй, ил тод болгох шийдвэрт хүрлээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачлан боловсруулж буй энэхүү төсөл нь 7 бүлэг, 20 зүйлтэй бөгөөд төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, хязгаарыг нарийвчлан тогтоох зорилготой. Өнөөгийн байдлаар төрийн шагнал олгох харилцааг 1990-2019 онд батлагдсан дүрэм, журмаар зохицуулж байгаа нь шагналын үнэ цэнийг бууруулах үндэс болжээ.

Жил бүр яамд болон орон нутгийн түвшинд олон шагнал олгож, улсын төсвөөс хөрөнгө зарцуулж байгаа нь энэхүү харилцааг хуулиар цэгцлэх шаардлагатайг харуулж байна.

Шинэ хуулийн төсөл болон уулзалтаас гарсан шийдвэрийн хүрээнд дараах өөрчлөлтийг хийжээ. Үүнд:

  • Ил тод байдал ба хяналт: Шинээр байгуулагдах ажлын хэсэг салбарын шагналын шалгуурыг шинэчлэн тогтоож, шагнал олгох үйл ажиллагааг ил тод болгоход хяналт тавьж ажиллана.
  • Шагналын ангилал: Төрийн шагналыг Төрийн дээд шагнал (Чингис хаан одон, Улсын баатар одон гэх мэт), Төрийн хүндэт шагнал, Хүн ам, мал сүргийн өсөлтийг дэмжих шагнал гэж ангилна.
  • Хориглох заалтууд: Төрийн байгууллага, албан тушаалтан нэрэмжит шагнал бий болгох, хуульд зааснаас өөр төрийн шагнал шинээр санаачлан олгох, тухайн байгууллагад ажилладаггүй хүнд шагнал өгөхийг хориглоно.

Төрийн шагналын тухай хууль батлагдсанаар шагналын үнэ цэнийг сэргээх, улс төрийн зорилгоор олгохыг хязгаарлах, нийгэмд шударга үнэлэмж бий болгох ач холбогдолтой. Тус хуулийг 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөхөөр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ССАЖЗЯ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn