БНН-аас нэр дэвшигчийг Айовад тодруулна

0


Өнөөдөр АНУ-ын Айова муж улсад Бүгд найрамдах намын идэвхтнүүдийн анхны шатны хурал (кокус) болж, тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах үйл явц албан ёсоор эхэлнэ.  НҮБ-д байнгын төлөөлөгчөөр сууж асан Никки Хейли, Флорида муж улсын захирагч Рон Десантис, бизнес эрхлэгч Вивек Рамасвами нарын аль нэг нь Ерөнхийлөгч асан Дональд Трамптай үнэхээр өрсөлдөж чадах эсэхийг тодруулах нь Айовагийн намын идэвхтнүүдийн хурлын гол үйл явдал юм. 

Муж улсын иргэд орон нутгийн цагаар 19:00 цагт сүм хийд, сургууль, номын сан, клуб зэрэг олон нийтийн газруудад цуглаж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар хэдэн цагийн туршид хэлэлцсэний эцэст саналаа өгөх бөгөөд бүх тойргийн дүнг нэгтгэсний дараа намаас нэр дэвшигч тодорно. Харин Айовагийн Ардчилсан намын идэвхтнүүдийн хурал өөр хэлбэрээр явагдах бөгөөд тэд нэр дэвшигчээ шуудангийн сүлжээг ашиглан сонгоно.

Намын идэвхтнүүдийн хурлын өмнөхөн буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр Нью-Жерси муж улсын амбан захирагч асан Крис Кристи сонгуулийн өрсөлдөөнөөс гарч байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа, БНН-аас нэр дэвших боломжийг олж харахгүй байна гэжээ.

Хейли, Десантис хоёрын хэн нь хоёрдугаарт байрт орох вэ гэдэг нь ихэнх шинжээчдийн анхаарлыг татаж байна. Хоёр нэр дэвшигч хоёулаа хэдэн долоо хоногийн турш сонгогчидтой уулзаж, мэтгэлцээн өрнүүлж амжсан бөгөөд мэтгэлцээнийг Америкийн телевизийн тэргүүлэх сувгуудын нэг болох CNN зохион байгуулсан байна.

Муж улсын тэргүүлэх хэвлэл болох “Des Moines Register” сониноос явуулсан сүүлчийн санал асуулгын дүнгээс үзвэл, Д.Трамп бусдаасаа хол зөрүүтэй тэргүүлж байна. Бага хуралд оролцохоор төлөвлөж буй хүмүүсийн 48 хувь нь түүний төлөө саналаа өгөх бодолтой байгаа тул тэрбээр ялах нь бараг баталгаатай. Харин 20 хувь нь Хейлид, 16 хувь нь Десантист саналаа өгөхөөр төлөвлөж байгаа бол Рамасвами зэрэг үлдсэн нэр дэвшигчдийн дэмжигчдийн тоо 10 хувиас хэтрэхгүй байна.

Нэгдүгээр сарын 14-ны ням гарагт Америкийн хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө Десантис, Хейли нарын хэн нь ч бие биенээ ялна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлээгүй нь шинжээчдийн анхаарлыг ихээхэн татлаа. Жагсаалтын гуравдугаар байрын талаар CNN-д өгсөн ярилцлагадаа Десантис "Айовад сайн үр дүнд хүрнэ" гэж найдаж байгаа бөгөөд хоёрдугаарт орсон ч гэсэн өрсөлдөөнөөс гарахгүй гэж мэдэгджээ. Флоридагийн амбан захирагч мэдэгдэхдээ, олон сонгогчийн хувьд өөрийг нь эсвэл Трампыг сонгох эсэхээ хараахан шийдээгүй байгаа тул тэдний саналыг авна гэж найдаж байгаагаа онцолсон байна. 

Харин Хейлигийн хувьд Fox News сувагт ням гарагт өгсөн ярилцлагадаа "жинхэнэ санал асуулга" намын идэвхтнүүдийн хурлын өдөр явагдана, байр суурь нь ахих эсвэл хойшлох нь хэвийн л үзэгдэл гэж мэдэгджээ. "Бид Айова муж улсаас /анхан шатны сонгууль/ илүү өндөр дүнтэйгээр гарахыг зорьж байна" гэж тэрбээр хоёрдугаар байрт орж чадах эсэх асуултад хариулахдаа хэлэв.

Намын их хуралд илгээх төлөөлөгчдийн тооны хувьд үзвэл энэ муж улс БНН-аас эцсийн нэр дэвшигчийг тодруулахад тийм ч их үүрэг гүйцэтгэхгүй. Айова муж улсад хүн амын тоонд үндэслэн 2429 төлөөлөгчөөс 40 хүнийг намын их хуралд илгээх юм. Гэхдээ ийм тоо нь нэр дэвшигчийг сонгох дараагийн үйл явцад үзүүлэх нөлөөг тэнцвэржүүлэх юм. 

БНН 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийнхээ нэрийг долоодугаар сарын 15-нд Висконсин муж улсын Милуоки хотод болох их хурлынхаа үеэр албан ёсоор зарлана. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд  1215 төлөөлөгчийн дэмжлэгийг авах ёстой.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны 11 дүгээр сарын 5-нд болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn