Түймэрт нэг иргэн өртөж, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Хуурайшилтын ид үе үргэлжилж байгаа энэ үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэж ой, хээрийн түймэр гарах нь нэмэгдэж байна. Тодруулбал, он гарсаар улсын хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 63 суманд 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч нийт түймрийн 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна.
Ой, хээрийн гал түймрийн аюулаас 4950 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг авран хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна. Харин ой, хээрийн гал түймэрт нэг иргэн өртөж нас барж, хоёр иргэн түлэгдэж, 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, зургаан автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртсөн байна.
Мөн урьдчилсан байдлаар нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Нийт түймрийн 61 нь Дорнод аймагт, 39 нь Сүхбаатар аймагт, 28 нь Хэнтий аймагт бүртгэгджээ.
