ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол 100,000 давж, ерөнхий сайд нь халдвар авлаа

39
ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусийн халдвар авсныг Пүрэв гарагийн орой тус улсын үндэсний төв телевизийн сувгаар зарлажээ. Мишустиныг тусгаарлагдаж, эмчлүүлэх хугацаанд тэргүүн шадар сайд Андрей Белоусов засгийн газрыг удирдах юм байна. Михайл Мишустин нь нэгдүгээр сард ерөнхий сайдаар томилогдож, Дмитрий Медведевийн ажлыг залгамжилсан юм.
Ингэснээр тэр дэлхийд Британийн ерөнхий сайд Борис Жонсоны дараа Covid-19 өвчнөөр өвчилсөн хоёр дахь засгийн газрын тэргүүн болж байна. Өчигдөр Мишустин видео холбоогоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцахдаа халдвар авснаа мэдэгдсэн юм.
“Миний өгсөн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсныг саяхан мэдлээ. Энэ тохиолдолд би Роспотребнадзорын (үндэсний эрүүлийг хамгаалах газар) шаардлагын дагуу тусгаарлагдаж, эмч нарын хяналтад орохоор болж байна. Хамтран ажиллагсдаа халдвараас хамгаалахын тулд би ингэх хэрэгтэй боллоо” гэж Мишустин мэдэгджээ.
Путин хариуд нь “Танд тохиолдсон зүйл өөр бусад хэнд ч тохиолдох боломжтой” гэж тайтгаруулаад түүний оролцоогүйгээр засгийн газар ямар нэг том шийдвэр гаргахгүйг батлан хэлсэн байна.
Москвагийн өдөр тутмын Ведомости сонины мэдээлснээр ОХУ-ын ерөнхий сайд, засгийн газрын гишүүд өдөр бүр коронавирусийн шинжилгээ өгч байгаа гэнэ.
Пүрэв гарагийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 106,498 хүрч, нас барсан хүний тоо 1,073 хүрсэн байна. ОХУ нь АНУ, Испани, Итали, Франц, Их Британи, Герман, Туркийн дараа 100,000-аас дээш халдварын тохиолдолтой дэлхийн найм дахь улс болжээ.

Р.Төмөр 
Эх сурвалж: Russia Today
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn