Тариаланчдын хөдөлмөр үнэгүйдэж, хураасан ургац нь хашаандаа байна

300

Яг одоо тариаланчид хавраас намар хүртэл хамаг хөл хөдөлмөрөө шингээж хураасан будаагаа тонн тонноор нь хашаандаа хурааж сууна. Учир нь ОХУ-аас оруулж ирсэн будааны үрд “цадсан” томоохон гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын хураасан тариа, будааг “Хайрагдсан” гэсэн ганцхан үгээр түлхэж, авахгүй байгаа аж. Үүнээс үүдэн шинэхэн ургасан тариа будаа тариаланчдын агуулах болон хашаанд хучлагад дарагджээ. Бүхэл бүтэн улсын гурилан бүтээгдэхүүний нөөц тонн тонноороо “хог” мэт хаягдах болсон нь манай улсын газар тариалангийн салбар хэчнээн эмгэнэлтэй байгаагийн илрэл. Харийн орноос хамаг байдгаа авдаг манайх шиг улс өөрийн газрын хөрсөнд ургах тариа будаагаа “голж”, тариаланчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлнэ гэдэг даанч харамсмаар. Тэгээд бүр ийм хүнд нөхцөлд орсон энэ салбарт хэн ч анхаарал тавихгүй байна гэдэг бүр ч уйтай. Ингээд бид зарим аймаг, сумдын тариаланчидтай холбогдож нөхцөл байдлыг сурвалжиллаа.
 

-БУДААГ ДОТООДДОО АВАХГҮЙ БОЛ ЦААШИД ХЯТАДУУД ХУДАЛДАЖ ЗАРАХ УРГАМАЛ ТАРИНА-

Монголчуудын тариалангийн гоо бүсийн нэг бол Төв аймаг. Тэр дундаа тус аймгийн Угтаал цайдам сум бол тариаланчдын гол өлгий болсон газар. Гэтэл эндэхийн тариаланчид өдгөө хураасан тариагаа хашаандаа хурааж, хаашаа ч хөдөлгөх аргагүй болжээ. Энэ талаар Угтаал цайдам сумын тариаланч Б.Мэндбаяр “ Энэ жилийн тухайд ургацаа авсан мөртөө тушааж чадахгүй байна. Хавар Хөдөө аж ахуйн сангаас үр аваад тарьсан. Тэгээд өчнөөн олон тоо будаагаа хураачихаад байж байна. Ер нь цаашид газар тариалан эрхлэх аргагүй болж байна. Ургацаа хураахад нэг хүн ажиллуулахад өдрийн 50-60 мянган төгрөгөөр ажиллаж байгаа. Тэгээд хураах гэж үнэтэй түлшээр хурааж байна. Тэгсэн мөртлөө будаа нь үнэд ордоггүй. Хавар бараг сая төгрөгөөр нэг тонн үр авч, тарьдаг. Тэгээд эргээд борлогддоггүй. Зундаа хамаг хүч хөдөлмөрөө шавхаж, хашаа хороо барьж, тарьснаасаа илүү өртөг гаргадаг. Гэвч будаагаа эргээд зарж чадахгүй нөхцөлд байна. Иймээс энэ улаан буудай тариалахаа больж, Хятад хүмүүс авах ургамал тарьсан нь арай ашигтай санагдаж байна. Агуулахын хувьд их хэцүү байна. Өмнөх жил бол үрнийхээ хэмжээгээр будаа аваад ажилчдын байрласан байрандаа 20-30 тонн будаа агуулдаг байсан. Манай Угтаал болон Жаргалант сумын айлуудад ийм асуудал л тулгарч байна.  Тухайлбал, манай суманд 20 гаруй аж ахуйн нэгж байдаг. Хувиараа тариалан эрхэлдэг мөн хорь гаруй хүн бий. Цөм будаагаа борлуулж чадахгүй байдалд байна. Уг нь бол сум орон нутагтаа хүмүүсийг ажилтай болгож байгаа шүү дээ” гэлээ.
 
Зундаа хамаг хүч хөдөлмөрөө шавхаж, хашаа хороо барьж, тарьснаасаа илүү өртөг гаргадаг. Гэвч будаагаа эргээд зарж чадахгүй нөхцөлд байна. Иймээс энэ улаан буудай тариалахаа больж, Хятад хүмүүс авах ургамал тарьсан нь арай ашигтай санагдаж байна.

-ХАЙРАГДАЛТ ИХТЭЙ ГЭСЭН НЭРЭЭР БУДАА АВАХГҮЙ БАЙГААГ ГАЙХАЖ БАЙНА-

 Харин тариаланч, “Нэмүү боломж” ХХК-ны захирал Д.Батхуягаас тодрууллаа. Тэрбээр “Энэ жилийн тухайд манай будааны чанар сайн гарсан. Цавуулаг болон чийг нь 23, натур нь 740 тэй гарсан. Ганцхан хайрагдалт ихтэй гэдгээр тэнцээгүй. Үүний улмаас 200 тонн будаа хашаандаа байж байна.  Урьд нь хайрагдалт гэх зүйл байгаагүй. Энэ жил шинээр гарч ирсэн. Ямар учраас ийм зүйл яриад байгааг огт ойлгохгүй байна. Мөнгөний нугалаа хийх гээд байна уу, үнэ доош хийх санаа юу мэдэхгүй байна. Өнөөдөр тариаланчдаас илүү гурилын үйлдвэр ноёрхож байна. Насаараа агрономич хийсэн хүмүүс ч гайхаж байна. Намар ургац хураалтаас өмнө ОХУ-аас будаа ахиухан татсан юм шиг байгаа юм. Тэгээд хангалт ихтэй болохоор дотоодын бүтээгдэхүүнээ доош нь зарах гээд байгаа болов уу гэж бодож байна. Одоо бидний хувьд их л хүнд байна. Тосны ургамлыг хүртэл сайн, муу гэхгүй авч байхад будаа бүр муудаа малын тэжээлд ч хэрэгтэй шүү дээ. Насаараа тариалан эрхэлсэн бид будааны болцоо сайн мууг мэднэ дээ. Энэ жилийн тухайд өмнөхөөсөө сайхан будаа гарсан. Хайрагдсан гэх зүйл байхгүй л байгаа юм. Гэвч гологдоод байна. Асуухаар үйлдвэрүүд хайрагдалт ихтэй байна, агуулах сав дүүрсэн гэх хариуг өгнө” гэв. Ийнхүү Төв аймаг гэлтгүй тариалан эрхлэгчдийн нөхцөл байдал хүнд байгаа аж. Тэд цөм нь өөрсдийн хөлс, хүчээ зориулсан тариа будаагаа үйлдвэрт нь гаргаж чадахгүй арга мухардаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ган ихтэй олигтой тариа будаа чадаагүй. Харин энэ жил овоо дорвитойхон будаа хураалаа гэсэн хаана ч авахгүй байгаад сэтгэл гонсгор сууна.
Урьд нь хайрагдалт гэх зүйл байгаагүй. Энэ жил шинээр гарч ирсэн. Ямар учраас ийм зүйл яриад байгааг огт ойлгохгүй байна. Мөнгөний нугалаа хийх гээд байна уу, үнэ доош хийх санаа юу мэдэхгүй байна. Өнөөдөр тариаланчдаас илүү гурилын үйлдвэр ноёрхож байна. 
-ХУУЧИН ЦАГТ ҮЙЛДВЭРҮҮД БУУДАЙ АВАХЫГ ГУЙЖ, БУЛААЦАЛДДАГ БАЙСАН-
Бид үргэлжлүүлэн  Дархан-Уул аймгийн Дархан сумын тариаланч С.Отгонбаяраас нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр “Энэ жил тариаланч, ногоочид технологийн цагтаа ажлаа хийж чадахгүй ургац алдахад хүрсэн. Тэгээд арай гэж үр тариагаа хураатал, авах газар олдохгүй. Цөм  сав суулга нь дүүрсэн. Тариа будаа огт хэрэггүй мэт хариу өгч байна. Уг нь хуучин  цагт үйлдвэрүүд гуйж, булаацалдаад авдаг байсан. Гэтэл одоо гурилын үйлдвэрүүд дотоодын тариалан эрхлэгчдийнхээ тариа будааг голж, тариаланчдаа хөсөр хаяж байна. Бид цаашид энэ асуудлаар нэгдэн, шийдэх газар нь хандана гэж бодож байна” гэв.
Ийнхүү шар нар, бор хоногийг тариан талбай дээр өнгөрөөж, ширхэг арвайг ч чин сэтгэлээсээ ургуулсан тариаланчдын хөдөлмөр нэг л өглөө ийн үнэгүйдэж, хураасан будаагаа зарж чадахгүй байхын зовлон амсаж байна. Тэгэхдээ бүр эх орондоо тариаланчид нь тариа, будаагаа борлуулж чадахгүй байна гэдэг харамсалтай. Урд, хойд хөршөөсөө бүх зүйлээ худалдаж авсаар, сүүлдээ дотоодын тариаланч, үйлдвэрлэгчдээ үл тоож, эх орны хөрсөндөө, өөрсдийн гараар гэх юу ч үгүй болсоор дуусах вий гэлтэй.

-ОХУ-ААС 150 МЯНГАН ТОНН УЛААН БУУДАЙГ ОРУУЛЖ ИРСЭН-

Бид гурилын үйлдвэрүүд "Агуулах сав дүүрсэн" гээд дотооддын тариаланчдын буудайг авахгүй байгаа болон ОХУ-аас татсан улаан буудайны нөөцтой холбоотойгоор ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодруулахад "Энэ жил 150 мянган тонн улаан буудайг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард ОХУ-аас оруулж ирсэн. Манай дотоодын улаанбуудайн жилийн хэрэглээ 308 мянган тонн. Энэ ч утгаар тариаланчдаасаа буудайгаа аваад нөөцлөх бүрэн боломж бий. Үнийн хувьд Алтан тариа, Улаанбаатар гурил үйлдвэрүүд тонн буудайг 630-690 төгрөгөөр авч байгаа бол Хөдөө аж ахуйг дэмжих сан 700-750 мянган төгрөгөөр авч байгаа" гэв.
Энэ жил 150 мянган тонн улаан буудайг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард ОХУ-аас оруулж ирсэн. Манай дотоодын улаанбуудайн жилийн хэрэглээ 308 мянган тонн. Энэ ч утгаар тариаланчдаасаа буудайгаа аваад нөөцлөх бүрэн боломж бий.
 

https://ergelt.mn/news/125/single/15422
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn