Олимп цуцлагдвал 73 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ

841

Энэ зун Токио хотод товлогдсон олимпын наадмаас Японы эдийн засаг, бизнесийн салбар ихээхэн хамаарна. Гэтэл олон улсад тархаж, хэдэн зуун мянган хүнд халдварлаад буй коронавирусийн улмаас зуны олимпын наадам цуцлагдаж магадгүй нь. Тус улсын “The Nikkei” сонинд мэдээлснээр, хэрэв олимп цуцлагдвал Японы эдийн засаг 7.8 их наяд иен буюу 73 тэрбум орчим ам.долларын алдагдалд орох гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь ДНБ-ийхээ 1.4 хувийг алдана гэсэн үг юм. Харин наадмын хугацааг хойшлуулсан тохиолдолд энэ тоо бага буюу зургаан тэрбум ам.доллар байх нь. Олон улсын олимпын хороо ирэх зургадугаар сард товлогдсон олимпын наадмыг хэрхэх талаар хэлэлцэж,  арга зам эрэлхийлж буй. Үүний зэрэгцээ Ковид-19 халдварын улмаас цөөнгүй улс орон тамирчдаа наадамд оролцуулахгүйгээ мэдэгдэж, АНУ олимпыг цуцлахыг уриалсан. 
Хэдэн жилийн турш бэлдэж, төлөвлөсөн наадам хойшилсон, цуцлагдсан тохиолдолд ямар нөхцөл үүсэж, хэр хэмжээний алдагдал хүлээх вэ гэдэг асуултад хөндлөнгийн ажиглагчид, судалгааны байгууллагууд өөр өөр хариулт хэлж байна. Токиогийн олимп товлогдсон ёсоор  зохион байгуулагдвал тус улсын зам, дэд бүтэц, бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтаас гадна үзэгч, жуулчдаас их хэмжээний орлого олох боломжтой. Энэ нь бизнес, хөрөнгө оруулалт, үйлчилгээ зэрэг салбарт эергээр нөлөөлнө. Товчхондоо, өнгөрсөн оноос зогсонги байдалд буй эдийн засаг идэвхжинэ гэсэн хүлээлт үүсээд байсан билээ. 
Японы даатгалын томоохон компани болох “Dai-ichi Life Insurance”-ын эдийн засагч Тошихиро Нагахама олимпыг цуцалсан тохиолдолд энэ бүх хүлээлт талаар болоод зогсохгүй ДНБ 15.5 хувиар багасна гэж мэдэгджээ.  
“Кансай дайгаку” их сургуулийн хүндэт профессор, эдийн засагч Кацухиро Миямотогийн үзэж буйгаар “Токио-2020” наадмын хугацааг хойшлуулсан тохиолдолд 5.8 тэрбум ам.доллар алдах магадлалтай аж. Түүнээс гадна биржийн индексүүд унаж, хөрөнгийн зах зээл савлах эрсдэл үүснэ гэдгийг онцолж байна. Токиогийн олимп Япон улсын шинэ технологи, техникийн гайхамшгийг дэлхийд таниулж, сурталчлах нэгэн том боломж. Энэ зорилгоор зохион бүтээсэн олон олон техник, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд олимп цуцлагдах, эсэх нь мөн нөлөөлөх юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn