Гэр хорооллын гудамж музей боллоо

539
Нийслэлийн гэр хорооллын хашаанууд “амь” орж, уран зураг, баримлаар чимэглэгдсэн сайхан мэдээ хэд хоног сошиал орчиноор явсан нь олон хүмүүсийн талархлыг хүлээсэн.
Харин энэхүү бүтээлч ажлыг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр "Жэрэс" ТББ хэрэгжүүлжээ. Тэд Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдад зориулж “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадмыг санаачилан гуравдугаар сараас тавдугаар сарын 01-ний хооронд зохион байгуулсан нь энэ юм байна. Уг ажилд Монгол, Франц, Герман, Чех улсын уран бүтээлчид, урлагийн сургуулийн оюутнууд, дунд сүргуулийн сурагчид гээд 200 гаруй хүний хүч хөдөлмөр, ур ухаан шингэжээ.
Наадмын гол зорилго урлагаар дамжуулан гэр хорооллын иргэдийн дунд агаарын бохирдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчиндоо ээлтэй амьдрах сэдлийг төрүүлэх, тодорхой гудамж, хашаа, олон нийтийн талбайг урлагаар амьсгалсан орон зай болгон өөрчлөх явдал байсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор нөлөөгөөр гадна, дотны уран бүтээлчид гудамжны болон олон нийтийн урлаг, ногоон санаачилгынхаа талаар туршлага солилцож, гадны уран бүтээлчидээ онлайн хэлбэрээр оролцуулжээ.
Төслийн хамтран оролцогчоор Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар “Ногоон нуур” сонгогдож, хүрээлэнгийн дотор хэсэг болон Нарантуул-2 зах хүртэлх 600 метр газрын гудамж, талбайг ийнхүү урлагийн бүтээлээр чимэглэсэн аж. Хүүхэд багачууд төдийгүй томчуудын хайр талархлыг хүлээсэн энэхүү гайхамшигтай урлагийн бүтээлүүдийг хийхэд монгол талаас Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаандорж, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран ухаанаа уралдуулж нийт 30 орчим бүтээлийг туурвиж, байршуулаад дуусчээ.
Мөн “Ногоонбаатар” олон улсын эко наадмын хүрээнд агаарын бохирдлын сэдвээр дунд сургуулийн сурагчдын дунд зургийн уралдаан, Дүрслэх Урлагийн Академийн оюутнуудын дунд иллюстраци зургийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлүүдийг хэвлэн “Уулын Нуур” орчмын гудамжинд байршуулсан байна.
Энэ төсөл дуусаж, уран бүтээлүүдээ байршуулж дууссаны дараа цэцэрлэгт хүрээлэнгийн орчим нилэнхүйдээ урлагийн орчин болон хувирсныг та бүхэн эдгээр зургаад харж байгаа байх. Гэр хорооллын гудамжаар зорчиж байгаа иргэдэд музей үзэж байгаа эсхүл урлагийн бүтээл дотор ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байгааг оршин суугчид хэлж байна. Аюулт өвснөөс сэргийлэх вакциндаа бүрэн хамрагдаж, хол хорио тавигдсаны дараагаас Дэнжийн мянга, Уулын нуур тийш цуврах иргэдийн хөл нэмэгдэж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө зугаалах хүмүүс олширох нь дамжиггүй биз ээ. Хамгийн чухал нь олон хүний сэтгэл, зүтгэлээр бүтээгдсэн эдгээр урлагийн бүтээлүүдийг хайрлан хамгаалах нь та бидний үүрэг болж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn