Европ даяар зул сарын галт тэрэгнүүд явж эхэллээ

2

Цастай өвлийн үзэсгэлэнтэй зураглал, гацуур моддын гялалзсан чимэглэл, баярын уур амьсгал хэдийнэ орсон зах, худалдааны төвүүд гээд өдийд Европоор аялах хамгийн гайхамшигтай. Тэгвэл зул сарын адал явдал, тансаг аяллыг танд санал болгох галт тэрэгнүүд Европ даяар явж эхэллээ.
Тэр дундаа Финландын “Санта Клаусын буухиа галт тэрэг” аялал жилийн эцсийн хамгийн гайхамшигтай аялалд тооцогддог. Тус галт тэрэг нь Хельсинкээс Турку хүртэл аялдаг бөгөөд мөстөж хөлдсөн нуур, цасанд дарагдсан моддыг харж сэтгэлээ баясгах боломжийг олгодог. Зарим азтай аялагч туйлын туяаг ч олж харж магадгүй аж. Таныг нэг унтаад сэрэхэд галт тэрэг Санта Клаусын албан ёсны өлгий нутаг гэгддэг Рованиеми хотод ирсэн байх болно. Энд аялагчид Санта Клаусын тосгонтой танилцаж, Санта Клаусын шуудангийн салбараар зочлох боломжтой. Мөн тэндээс хайртай дотны хүндээ захидал ч илгээх боломжтой.
Швейцарийн Альпийн нурууны үзэсгэлэнт дүр төрхийг толидонгоо далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт галт тэргээр аялах боломж ч бас байна. Уг галт тэрэг нь Женев нуурын эргээс Монтрё хотын чиглэлд 55 минут аялдаг. Багц тасалбарт галт тэрэгний хоёр талын тасалбар, Санта Клаусын өргөөнд нэвтрэх эрх багтжээ.
Түүнчлэн “La Dolce Vita Orient Express” нэртэй тансаг галт тэрэг зул сарын баярт зориулсан тусгай аяллаа Италийн Ром хотоос эхлүүлж, Венец, Флоренцээр дайран буцаад Ромд ирэх маршрутаар зохион байгуулж байна. "Jingle Route" нэртэй аялал гурван өдөр, хоёр шөнө үргэлжилнэ. Венецэд зорчигчдыг завиар аялуулан, саяхан нээгдсэн “Orient Express Venezia” зочид буудалд хүргэх бөгөөд тэнд амьд хөгжим, оройн зоогтой баярын арга хэмжээнд оролцоно.
Мөн “Majestic Imperator” тансаг галт тэрэг арванхоёрдугаар сарын 4-6-нд Австрийн Вена хотоос Чехийн Прага хот руу зул сарын баярын тусгай аялал зохион байгуулах гэж байна. Зорчигчдод оргилуун дарс, амьд хөгжмийн тоглолт санал болгох аж.
Их Британийн “Belmond” компанийн “British Pullman” тансаг галт тэрэг энэ сарын 28-нд эхний аялалаа хийх гэж байна. Тус галт тэрэг Лондоноос Бат хотыг зорьж, алдарт зул сарын захаар аялуулна.
Харин Норвегийн төрийн өмчит “Vy” компанийн санал болгож буй зул сарын аялалд хамрагдсанаар та хамгийн үзэсгэлэнтэй бүхнийг харах боломжтой. Галт тэрэг Осло хотоос баруун эргийн Берген хот хүртэл ойролцоогоор 500 км замыг долоон цагийн дотор туулдаг. Энэ хооронд Европын хамгийн өндөрлөг цэгүүдийг нэг Хардангервидда, мөсөн голын үзэмж бүхий Финсе өртөө, алдартай цанын бааз бүхий Гейло хотыг зорчигчид үзэж харна.
ЭХ СУРВАЛЖ: EURONEWS
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn