Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

6
Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн үүлдрийн ухна 235 мянган юаньд хүрч байна. Намрын сүүл үеийн хөдөө нутгаар малын ашиг орлогын тухай халуун яриа өрнөж байлаа. Малчдын ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбогдох тул ӨМӨЗО, орон нутаг хүртэл бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж байна.
11-р сарын эхээр бид бэлчээрийн даац хэтрүүлэн малжихыг хориглох асуудлыг шийдэх туршилтын бүс болох Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанхад хотын Ар хорчин хошуу, Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуугаар сурвалжилж явахдаа тухайн газрын мал аж ахуй, газар тариаланг уялдуулан малын тарга хүчийг нэмэгдүүлэх, үүлдрийг сайжруулах, шинжлэх ухаанчаар малжиж, шинэ мэргэжлийг ашиглан ажлын үр бүтээмжээ дээшлүүлж буй байдалтай танилцсан юм.
 
 Тэнгэрт үүлс сэмрэн хөврөөд тэртээд шувууд ганганан буцна. Бид Ар Хорчин хошууны Чавга суурингаас зүүн тийш 45 км замнаж, хоёр давхар тохилог орон сууцтай, хороо хашаа, өвсөн агуулах, хөх даршийн зоорь зэрэг иж бүрэн төхөөрөмжтэй “Малын тоо толгойг цөөлж, чанартай малжсан үлгэр жишээч өрх” Шуан Жиньлүнгийнд ирлээ.
 Шуан Жиньлүн бол Ар хорчин хошууны Шуугин суурингийн Холбоо багийн малчин. Гучаад жилийн туршлагатай мал аж ахуйн тусгай мэргэжилтэн юм. Тэрээр гэр бүлийн мал аж ахуйн талбай эрхэлж, симментал үхэр тэжээж, мөн 20 га газарт тэжээл сайтай өвс тарьж байна.  Шуан Жиньлүн:
- Манайх тэжээж байгаа үхрийн тоо толгойг тавиар хязгаарлаж, жил бүр хамгийн сайнаас нь сонгож 3-5  охин тугал үлдээж бусдыг нь бүгдийг зардаг. Өмнө нь нэг жил тэжээсэн тугал 250 кг- 300 кг хүрдэг байсан бол одоо 5-6 сар тэжээхэд 300 кг-350 кг хүрч байна. Үнэ ханш нь дунджаар 18000 юаньд хүрч байна. Өмнө нь 10 кг сүү саадаг байсан бол өдгөө 20 кг сүү сааж байна. Яагаад ингэж нэмэгдэж байгаа вэ гэвэл, тугал ба үхрээ төрөл хуваан тэжээж, өсөлтийн адил бус үед ондоо тэжээл өгч буйтай шууд холбоотой. Мөн аргал хөрзөнг бордоонд ашиглаж тэжээл өвсний шимийг дээшлүүлсээр байна. Миний тарьсан тэжээл өвсний жилийн гаралт 328.6 тоннд хүрч, өвсний хэрэглээгээ гүйцэд хангаж байна гэж ярилаа.
Түүний шинжлэх ухаанч мал аж ахуйн арга туршлага нь Ар хорчин хошуунд үлгэр жишээ болж байна. Маш олон айл өрхүүд түүний туршлагаас суралцан мал тэжээж эхэлжээ.
Баруун Үзэмчин хошууны Хүрэлт багийн малчин Голтөмөр мөн симментал үхэр тэжээж байгаа юм.  Голтөмөр:
- Симментал үхэр тэжээхэд арчилгаа чухал, тэжээл бордоог нь тэнцвэртэй өгч, ялгадсыг нь цаг тухайд нь цэвэрлэх хэрэгтэй. Би нэг үхэрт өдөрт 11.5 кг өвс, 1.5 кг бордоо өгдөг. Тугалласан үнээнд 2.5 кг бордоо өгдөг. Сүүлийн хоёр жил зах зээлийн үхрийн ханш унасан ч манай тугал дунджаар 10000 юаньд хүрч байна. Энгийн тугалтай харьцуулбал бие нь том болохоор нэг тугалаас ойролцоогоор 2000-3000 юанийн орлого олдог гэж хэллээ.
Тэднийх зундаа 200 гаруй симментал үхэр мал маллаж, өвөлдөө 100 гаруй үхэр л үлдээдэг.
 Уламжлалт малжих арга хэлбэр нь “Тоог цөөлж, чанарыг нэмэгдүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх” шинжлэх ухаанч шинэ хэлбэрээр орлогдож байна.
 Ар Хорчин хошууны Хансүм сумын Зүрх багийн малчин Амин-Урт:
Манай үүлдэр сайжруулсан өлчир хонь хоёр жилд гурван удаа хээл тогтож, жил бүр дунджаар 3-5 хурга тосдог. Энэ хурганы өсөлт маш түргэн. Хоёр жил тэжээхэд л 15 килограммд хүрч, килограмм бүр нь 20 юаньд хүрч байна. 180 эм хонь тэжээвэл 200 мянган юаний орлого олох боломжтой.
Сүүлийн жилүүдэд Ар Хорчин хошууны Шуугин сумын зохиомол хээлтүүлгийн өртөөг эрчимтэй байгуулж, сайн үүлдрийн үхэр, хонь тэжээснээр үхэр, хонины махны гаралтын хэмжээ ихээхэн нэмэгдэв. Одоо 1000 хонь тэжээхэд хоёрхон ажиллах хүч байхад хангалттай.
 Цахар баруун гарын хойд хошуу өнгөрсөн жил гурван сая юанийн хөрөнгө оруулж, малчдад сайн үүлдрийн үхэр худалдан авахад нь туслан, 20 мянга гаруй үхрийн үүлдрийг сайжруулсан байна. Одоо 100-аас дээд үхэр маллаж байгаа 42 эрчимжсэн мал аж ахуйн фермтэй болжээ.
Үзэмчин ноолуурын цагаан ямаа бол ӨМӨЗО-ны ноолуурын ямааны гурван сайн үүлдрийн нэг юм. Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Шинэ-Булаг баг “Үүлдрийг батлах+ чанарыг сайжруулах+ орлогыг нэмэгдүүлэх” арга хэмжээ авч, 300 гаруй үзэмчин цагаан ямаа тэжээж, ямаа бүрээс 0.3 кг-0.35 кг ноолуур самнаж байна.
 Баруун Үзэмчин Хошууны Мал аж ахуйн ажлын өртөөний дарга Насанбаяр:
- Манай хошуу орон нутгийн сайн үүлдрийн нөөцийг хамгаалах ажлыг эрчимжүүлэн, үзэмчин хонины дижитал үүлдэр үржүүлэх системийг байгуулсан. Үүгээрээ шилдэг үүлдрийн мал үржүүлэх ажлыг дэмжин, зохиомол хээлтүүлгийн ажлыг сайжруулав. Одоо хошууны хэмжээнд үүлдэр сайжруулсан хэмжээ 97 хувьд хүрээд байна.
 Шилдэг сайн үүлдрийн мал нь малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх гол арга зам юм. Ар Хорчин хошуу, Цахар баруун гарын хойд хошуу бэлчээрийн мал аж ахуйг шинэчлэн шат ахиулж, мал аж ахуйн чансаатай хөгжлийг хурдасгаж байна.
 Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Баянбулаг багийн дарга Насанжаргал:
- Бүхэл өдрийн холимог бордоо бол чанар сайтай нохойн хошуу, царгас, хуурай өвс болон эрдэнэ шиш, буудайн сүрэл, ашигтай бактер зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр холин зуурч исгэж боловсруулаад гаргасан тэжээл бордоо юм.
 Энэхүү тэжээл бордоо нь мал сүргийн шим тэжээлийн хэрэглээг ханган, өсөлтийг түргэсгэж, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд тусладаг. Баруун Үзэмчин хошуу  сүүлийн хоёр жил тэжээл бордооны асуудлыг чухалчлан, холимог бордооны гурван үйлдвэр байгуулаад байгаа юм. Ар Хорчин хошуу нь “Цаг агаар+ мал аж ахуй” дата систем, Долоон бурхан од замчлах төхөөрөмж зэрэг шинэ мэргэжил технологийг ашиглан, 45 га гаруй тэжээл өвс тарьж байна.
 Ар Хорчин хошууны Шуугин суурингийн Амин-Өндөр багийн дарга Баясгалан:
- Манай баг орчин үеийн эрчимжсэн өвс бордоо боловсруулах төслийг идэвхтэй дэмжиж, малчдад зах зээлийн үнээс хямдхан тэжээл бордоогоор ханган, үр ашгийг нэмэгдүүлж байна.
 Баруун Үзэмчин хошуу мал эмнэлгийн мэргэжлийн түвшинг ахиулан, малын халдвараас урьдчилан сэргийлэх туршилтын тасгийг байгуулж, малын халдварт өвчнөөс үр дүнтэй сэргийлж байна.
 Бидний хүрсэн орон нутгууд тэжээл бордоо үйлдвэрлэх, малын халдвараас урьдчилан сэргийлж эмчлэх хүртэлх мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүх явцад шинжлэх ухаан технологид түшиглэн, үр ашгийг нэмэгдүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn