Шинэ төрлийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хүмүүсийг баривчиллаа

Монгол Улсын хилээр шинэ төрлийн мансууруулах бодис нэвтрүүлсэн бүлэг хүнийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлэн шалгаж эхэллээ. Манай улсын харьяат С, Н, Б нар энэ сарын 1-нд Турк улсаас ирсэн агаарын хөлгөөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буухдаа шингэн төрлийн метамфетамин агуулсан мансууруулах бодис оруулахыг завдсан байна. Өөрөөр хэлбэл, Монголд анх удаа метамфетамин агуулсан мансууруулах бодис оруулж ирэх гэж байсныг илрүүлсэн нь энэ юм.
Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав, баглаа, боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж, иргэдэд дайвар ачаа мэтээр өгөх болсон. Мансууруулах бодисыг шингэн хэлбэрт шилжүүлж, хил дамнуулан худалдах тохиолдол олон улсад нэмэгдэх хандлагатай байгааг ч албаны эх сурвалжууд хэлж буй. Дээрх хүмүүсийн үйлдэл түүний нэг илрэл бололтой. Хилээр мансууруулах бодис нэвтрүүлж буй гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тагнуул, цагдаагийн байгууллага тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэдийг бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг удаа дараа сэрэмжлүүлсээр буй юм.