Дансаа Apple pay үйлчилгээтэй холбосон бол яаралтай салгахыг анхаарууллаа

Худалдаа хөгжлийн банкны хэрэглэгчид данснаасаа их хэмжээний мөнгө алдсан тухай гомдол, мэдээллээ ЦЕГын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өчигдөр гаргажээ. Тодруулбал, өчигдөр 10.00 цагийн байдлаар тус банкны 28 хэрэглэгч данснаасаа 200 орчим сая төгрөг алдсан гэнэ. Хохирсон иргэдээс аль банкны, ямар данс руу мөнгө шилжиж орсон тухай тодруулахад “Харилцах дансанд байсан үлдэгдэл мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон” гэжээ. Иргэдийн данснаас алдагдсан мөнгө банкнаас татагдаагүй, хүсэлтийн шатанд явж буй учраас одоогоор гадаад улс руу гарсан гүйлгээ байхгүй аж. Иймд ЦЕГ-аас Apple pay үйлчилгээтэй дансаа холбосон бол яаралтай салгахыг сэрэмжлүүлэв. Харин Худалдаа хөгжлийн банкныхан картын 16 оронтой дугаарыг цахим худалдааны сайтад бүртгүүлсэн бол холболтоос нь яаралтай салгахыг анхааруулсан юм. Түүнчлэн данс¬наас тань мөнгө алдагдсан бол TDB online болон Cardcentre.mn ашиглан гомдлоо яаралтай бүртгүүлэх шаардлагатай гэв.