Dobu: Дэмждэг хүмүүсийнхээ итгэлийг алдаж, ийм зүйл болсонд уучлаарай
Б.Ган-Эрдэнэ буюу "dobu" өнөөдөр/2025.05.16/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Дэмждэг бүх хүмүүсийнхээ итгэлийг алдаж, ийм зүйл болсонд уучлаарай. Маш их харамсаж байна. Удахгүй дэлгэрэнгүй тайлбар хийнэ. Түүнээс өмнө нэг юм тодруулахад 70 тоглолт дээр тоглолт наймаалцсан гэсэн ташаа мэдээлэл байгаад байна. АТОХ багийн нийт тоглолт тиймэрхүү тооны тоглолт байгаа" гэжээ.
Өөрөөр хэлбэл, АТОХ багийнхан тоглолт бүрээ наймаалцсан гэх ташаа ойлголт байгаа гэдгийг "dobu" мэдэгджээ.
Esports Integrity Commission (ESIC) буюу Цахим спортын шударга ёсны комиссын зүгээс Монголын "ATOX" багийн тоглогчид болон багийн ажилчдад авлигын эсрэг дүрэм зөрчсөн хэргээр найман сарын хоригоос эхлээд насан туршийн хориг хүртэл шийтгэл оноолоо.
Хоригт орсон хүмүүсийн жагсаалтад дараах тоглогчид багтжээ:
- Б.Ган-Эрдэнэ "dobu"
- Б.Бат-Энх "kabal"
- Б.Тэмүүлэн "MiQ"
- Б.Отгонлхагва "AccuracyTG"
- Э.Мөнхсайхан "Zesta"
Мөн багийн ахлах дасгалжуулагч Г.Төгөлдөр "FlyNN" болон аналист Б.Ана-Эрдэнэ "nuka" нар ч хоригт орсон байна.
"Dobu" дээрх бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг байснаа хүлээн зөвшөөрчээ.
Харин дээрх шийтгүүлсэн тамирчдаас dobu, kabal, nuka нар хамгийн ноцтой зөрчил гаргасан гэх бөгөөд тэд 2024 оны сүүлээс 2025 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 70 гаруй сэжигтэй тоглолт наймаалцсан үйлдэлд оролцсон болох нь тогтоогдож, насан туршийн хориг авчээ.
"FlyNN" гурван жилээр, "MiQ" нэг жилээр, "AccuracyTG" болон "Zesta" нар найман сараар бандуулжээ.
Тоглолт наймаалцсан гэх хэрэгт холбогдсон "kabal" өөрийн цахим хуудаснаа "Бид бүгд нэг завин дээр суугаа шүү" гэх утгатай үгсийг бичсэн нь олны анхаарлыг татсан. Нөгөө талаараа Монголын цахим спортын тамирчид үгсэн хуйвалдаж, тоглолтын үр дүнг тохирдог байхыг үгүйсгэхгүй.