Цэргийн онц байдал зарласан орой юу болсныг дэлгэв

48

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласны дараа бүтэн шөнийн турш Үндэсний ассамблейн гадна доторгүй эмх замбараагүй байдал үүссэн. Зарлигийг хүчингүй болгох санал хураалт явуулахын тулд Үндэсний ассамблейн хууль тогтоогчид тэр шөнө цугласан билээ.
Тухайн үед хууль тогтоогчдыг Үндэсний ассамблейгаас гаргах тушаалыг Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён өгсөн гэж өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл уг тушаалыг Ким Ён Хён биш, ерөнхийлөгч Юн Сук Ёл Өмнөд Солонгосын армийн дайны тусгай командлалын даргад өөрийн биеэр өгсөн гэлээ. Тодруулбал, дэслэгч генерал Квак Жонг-Кюн Үндэсний Ассемблейн хуралдаан дээр хэлэхдээ "Ерөнхийлөгч миний хамгаалалттай утас буюу чагнахаас сэргийлэх технологи бүхий гар утас руу залгаж парламентын гишүүд зарлигийг хүчингүй болгох санал хураалт явуулах бололтой гэж хэлсэн. Тиймээс хаалгыг яаралтай эвдэж, дотор нь байгаа хүмүүсийг зайлуул гэж тушаасан" гэжээ.
Тушаал хүлээж авмагцаа холбогдох албан тушаалтнууд чуулганы гол танхим руу орохын тулд хий буудах уу, цахилгааныг нь таслах уу гэдгээ ярилцсан байна. Эцэст нь тэд ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэх нь буруу гэж шийджээ. "Хэрвээ бид үүнийг хийсэн бол цэргүүд гэмт хэрэгтэн болж, олон хүний амь эрсдэх байсан. Тиймээс бид үүнийг буруу гэж дүгнэсэн" гэж Квак Жонг-Кюн хэлжээ.
Цаашилбал, Квак Жонг-Кюн арван хоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлах төлөвлөгөөг урьдаас мэдэж байсан гэлээ. Учир нь, тэрбээр арванхоёрдугаар сарын 1-нд аюулгүй утасны шугамаар дамжуулан сайд асангаас тушаал авсан байжээ. Мөн тэр орой 150-аас илүүгүй хууль тогтоогчийг санал хураалтад оролцуулах тушаал авсан гэв.
"Миний даалгавар бол Үндэсний ассемблэй, Үндэсний сонгуулийн хороо, гол сөрөг хүчин буюу Солонгосын Ардчилсан намын төв байр, Олон нийтийн санал асуулгын агентлаг зэрэг зургаан газрыг хамгаалах явдал байсан" гэж Квак Жонг-Кюн хэлжээ.
Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён дэслэгч генерал Квак Жонг-Кюнд тушаалыг дамжуулахдаа байлдааны удирдлагын өрөөнд байсан бөгөөд чанга яригчаа асаасан байжээ. Тэрбээр энэ талаар ярихдаа "Доод албан тушаалтнууд чанга яригчаар бүх тушаалыг цаг тухайд нь сонссон. Тиймээс доод албан тушаалтнуудад төөрөгдөл үүссэн, би тийм тушаал өгөх санаатай байгаагүй. Энэ нь дуулгаваргүй үйлдэл байж болзошгүйг мэдэж байсан ч би олон нийтийн аюулгүй байдал, цэргүүдэд учирч болзошгүй эрсдэл, хууль эрх зүйн үр дагаврыг харгалзан үзсэний үндсэн дээр ажиллагааг зогсоохоор шийдсэн" гэжээ.
Мягмар гаригт болсон Батлан хамгаалах хорооны хуралдаанд Квак Жонг-Кюнаас гадна Армийн штабын дарга Пак Ан Су болон Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Ким Сон Хо тэргүүтэй цэргийн бусад албан тушаалтан оролцов.
Цэргийн онц байдал зарласан орой Батлан хамгаалахын сөрөг тагнуулын командлалын нэгдүгээр хэлтсийн дарга Жон Сон У мөн тушаал хүлээж авснаа хуралдааны үеэр хэлжээ. Тодруулбал, тус командлалын дарга Ео Ин Хён түүнд "Үндэсний сонгууль хороонд хадгалагдаж буй сонгогчдын бүртгэлийн мэдээлэлтэй серверийг бүхэлд нь хуулж авах, устгах" тушаал өгсөн гэв. Командлалын хуулийн мэргэжилтнүүд энэ тушаалыг эрс эсэргүүцэж, эцэст нь тушаалыг биелүүлэхээс татгалзсан байна.
Батлан хамгаалахын тагнуулын командлалын дарга, армийн хошууч генерал Мун Санг Хо мөн сонгуулийн хороонд цэрэг оруулах тухай тушаалыг Батлан хамгаалахын сайд асангаас хүлээж авсан гэв. Тэрбээр "Би байлдааны байдал зарласан өдрийн өглөөний 10:00-11:00 цагийн орчимд тушаал хүлээн авсан. Шөнийн цагаар даалгавар гүйцэтгэж болзошгүй тул нэг баг бүрдүүлж, бэлэн байлгах зааварчилгаа авсан. Дараа нь би Гвачон дахь засгийн газрын цогцолборын ойролцоо 21:00 цагийн орчимд багаа бэлэн байлгах даалгавар авсан" гэжээ.
Батлан хамгаалахын сайд асан Ким "Үүссэн нөхцөл байдлын хариуцлагыг би ганцаараа хүлээнэ. Цагдан хорих тогтоолын шүүх хуралд оролцох эрхээсээ татгалзана. Миний удирдлагад байсан цэргүүд зүгээр миний тушаалыг биелүүлж, даалгасан үүргээ биелүүлж байсан" гэж хэлээд тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсчээ.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг цэргийн онц байдлын хэрэгтэй холбоотойгоор баривчлаад буй. Тэрбээр хоригдож байхдаа амиа хорлохыг завдсан талаар Засан хүмүүжүүлэх газрын дарга өнөөдөр мэдэгдлээ.
Засан хүмүүжүүлэх газрын ерөнхий комиссар Шин Ён Хэгийн хэлснээр, Мягмар гаригийн орой албан ёсны баривчлах тушаал гарахаас өмнө Ким амиа хороохоор завдсан байна. Энэ хэрэг угаалгын өрөөнд болсон бөгөөд өөр хүн хаалгыг нь онгойлгон орж ирснээр энэ үйлдлээ зогсоожээ. Улмаар түүнийг тусгаарлах өрөөнд шилжүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn