Дэлхийн хамгийн гоёмсог музейгээр Японы “Simose” урлагийн музей тодорлоо
Тодруулбал, 2015 оноос санаачлан олгож эхэлсэн дэлхийн шилдэг архитектурын хэв маягийг тодруулдаг “Prix Versailles” шагналыг хүртэх байгууламжуудыг Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд жил бүр зарладаг юм. Тэгвэл энэ оноос шалгаруулж эхэлсэн музейн гэх ангилалд Японы “Simose” музей нь Хятадын Ченду хотын А4 музей, Египетийн Гиза хотын Их Египетийн музей зэрэг зургаан музейн хамт нэр дэвшжээ. Түүнчлэн “Simose” урлагийн музейн барилгын хэв загварыг архитектурын салбарын Нобелийн шагнал гэгддэг Притцкерийн нэрэмжит шагналыг 2014 онд хүртэж байсан Японы архитекторч Шигэрү Баны бүтээл аж. Энэхүү музей нь найман хөдөлгөөнт галерейтай тул ямар үзэсгэлэн дэлгэгдэж байгаагаас хамааран өөр өөр зохион байгуулалт хийх боломжтой юм.
Түүнчлэн шагналын цахим хуудсанд уг байгууламжийг “усан дээр байгуулсан шөнө гэрэлтдэг өнгөт шилээр хийсэн хана бүхий галерей” гэж танилцуулсан байна. “Энэ нь Сетоучи арлуудын үзэсгэлэнт байдлыг илтгэн харуулж, Сето тэнгисийн байгалийн үзэмжийг улам тодотгож байна” гэж музейн далайн эрэг дээрх байршлыг онцлон бичжээ. Ш.Бан “Усан дээр хөвж буй хөдөлгөөнт галерей, модон байгууламж зэрэг шинэлэг арга барилыг хүлээн зөвшөөрлөө гэж би хувьдаа дүгнэж байна. Энэ бол надад загвар дизайныг чөлөөтэй гаргах боломжийг олгосон анхны тохиолдол юм. Энэхүү байгууламжийг барьж байгуулахад гар бие оролцсон бүх хүнд маш их талархаж байна” гэжээ.