Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

0

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны спортын XXXIII наадам эхлэхэд ердөө 34 хоногийн хугацаа үлджээ. Монгол Улсын шигшээ багийн хувьд олимпын эрх олгох тэмцээн албан ёсоор дууссан. Манай тамирчдын оролцох боломжтой олимпын эрх олгох тэмцээнийг Туркийн Анталия хотод болж өндөрлөсөн байт харвааны Дэлхийн цом отголсон. Уг тэмцээнд Монголын найман харваач оролцсон ч эрхээ нэмэгдүүлж чадаагүй.
Тэгвэл Олон улсын усан спортын холбооноос Парисын олимпын бассейн усан замд уралдах тамирчдыг баталгаажуулсан бөгөөд манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх өгчээ. Харин Парис руу илгээх тамирчнаа Монголын усан спортын холбооноос шийдвэрлэх бөгөөд удахгүй зарлах аж. Энэхүү олимпод усанд сэлэлтийн төрлөөр олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир, Б.Энххүслэн нар оролцох боломж хамгийн өндөр байгаа юм. Б.Энхтамирын хувьд хэдхэн хоногийн өмнө Хонконгт болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр 758 оноотой болжээ. Түүний оролцсон энэхүү тэмцээнд 750 гаруй тамирчин өрсөлдсөн нь чансаа өндөр байсныг илтгэж байгаа юм. 2024 он гарснаас хойш МҮОХ болон, спортын салбарын удирдлагууд ярихдаа “Энэ удаагийн олимпод 45-50 эрх авах боломжтой” хэмээн ярьсан. Гэвч тэдний мөрөөдөл талаар өнгөрөв. Гэхдээ энэ нь удирдлагуудын буруу биш. Тухайн спорт холбоодтой шууд холбоотой. 2024 оны олимптой жилд спортын салбарын төсөв өмнө жилүүдээс харьцангуй өндөр байсан. Тэр байтугай өмнө олимпын циклүүдэд төсөвлөсөн мөнгөн дүнгээс ч их. Энэ нь манай улс спортын салбарт, тэр тусмаа олимпод хэрхэн ач холбогдол өгснийг нотолгоо юм. Тэгвэл манай улс энэ удаа 32-хон эрхтэйгээр Парисыг зорих болж байна. Энэ бол бараг эцсийн тоо. Дахин эрх нэмэгдэх магадлал 50 хувьд ч хүрэхгүй. Монголчууд сүүлийн таван олимпод 20-43 тамирчнаа илгээж байв. Ялангуяа “Рио-2016”, “Токио-2020” наадамд 43 тамирчин эрх авч оролцсон дээд амжилт. Энэ жил үүнийг давуулан биелүүлэх боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь холбоодын зохион байгуулалтад алдаа гарах шиг. Сүүлийн таван олимпод хэрхэн оролцсоныг товч хүргэе.
Афин-2004: Монголчууд энэ олимпод жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийг өргөлт, усанд сэлэлт, бокс, хөнгөн атлетик гэсэн долоон төрөлд 20 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг хүрэл медаль хүртэв.
Бээжин-2008: Энэхүү олимпод чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс, хөнгөн атлетик, усанд сэлэлт, хүндийг өргөлт гэсэн долоон төрөлд 28 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцов. Анхны олимпын аваргаа өлгийдсөн түүхэн олимп юм. Хоёр алт, хоёр мөнгө медаль авч, монголчуудыг огшуулсныг бид өнөөдөр хүртэл мартаагүй явна.
Лондон-2012: Таван медаль хүртэж медалийн тоогоороо Монголын олимпын түүхэнд дээд амжилт тогтоосон байдаг. Уг олимпод буудлага, байт харваа, чөлөөт бөх, жүдо, бокс, усанд сэлэлт, хөнгөн атлетик гэсэн долоон төрөлд 29 тамирчинтай оролцов. Өмнөх хоёр олимпоос ялгаатай нь хүндийг өргөлтийнхөн өнжиж, байтынхан нэмэгдсэн юм.
Рио-2016: Энэ удаагийн олимпод байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлт, таеквондо, усанд сэлэлт гэсэн спортын есөн төрөлд 43 тамирчинтай оролцож, хоёр медаль хүртэв. Таеквондогоор анх удаа эрх авсан нь энэ.
Токио-2020: Байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт, усанд сэлэлт, 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн 10 төрлөөр оролцлоо. Энэ нь Монголын олимпын түүхэн дэх анхны тохиолдол болов. Ингэхдээ ширээний теннис, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөнөөрөө онцлогтой. Токиогоос бид дөрвөн медаль авсан юм. Харин таеквондочид өнжив. Мөн 43 тамирчин оролцсон нь 1980, 2016 оны дээд амжилттай зэрэгцсэн юм.
Парис-2024: Байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт, усанд сэлэлт, дугуйн спорт гэсэн есөн төрөлд 32 тамирчин илгээхээр болов. Үүнээс эрэгтэй 15, эмэгтэй 17 тамирчин байна. Өмнөх олимпуудаас ялгаатай нь дугуйн спортоор эрхээ авсан нь сайшаалтай. Бусад нь уламжлалт төрөл. Харин эрэгтэй боксчид энэ удаа өнжсөн нь хамгийн муу мэдээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд жигдхэн хөгжиж буй таеквондо, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрх авч чадсангүй. Мөн ширээний тенниснийхэн Токиод үзүүлсэн амжилтаа үргэлжлүүлж чадаагүй нь харамсалтай.
Уламжлал ёсоороо жүдочид оролцогчдын тоогоороо тэргүүлж байна. Уг төрөлд манай 10 тамирчин зодоглоно. Гэхдээ энэ нь өмнөх хоёр олимптой харьцуулахад буурсан үзүүлэлт. Токиод 11, Риод 13 жүдоч барилдаж байв. Эрэгтэйчүүдийг бүтэн багаараа оролцоно хэмээн таамаглаж байсан нь талаар өнгөрсөн. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 63, 70 кг-д эрх авч чадаагүй.
Тэгвэл олимпоос эрэгтэйчүүд нь медаль авч чадахгүй яваа ч Монголын топ-4 спортын нэг чөлөөт бөхийнхөн найман эрх авлаа. Энэ нь өмнөх олимпуудаас бас л буурсан үзүүлэлт. Токиод ес, Риод 10 тамирчин барилдаж байв. Энэхүү төрөлд эмэгтэйчүүдийн амжилт тогтмол байгаа бол эрэгтэйчүүдийнх бууралттай. Риод зургаан эрэгтэй тамирчин барилдаж байсан бол Парист ердөө гурван бөх зодоглох нь. Токиод ч мөн эрэгтэй жүдоч л эрх авсан билээ.
Хүндийг өргөлтийнхөн бэртэл гэмтлээс шалтгаалан эрхгүй хоцрох шахсан. Гэвч Хятад, Венесуэл, АНУ-ын хүндийг өргөлтийн холбооноос 81 кг-ын жинг сонгоогүй. Түүнчлэн Франц улс зохион байгуулагч орны хувиар шууд эрхээ авсан. Ийм хүчин зүйлийн ачаар дэлхийн чансааны 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн М.Анхцэцэг гавьяат дөрвөн байр огшиж Парисыг зорих эрхтэй болсон юм. Уг нь энэ төрөлд 2-3 эрх авах боломжтой байсан ч тийм зүйл болсонгүй.
Боксын төрөлд ердөө хоёрхон эмэгтэй тамирчин оролцоно. Энэ бол дэндүү харамсалтай тоо. Олимп болон дэлхийн аваргатай Монголын топ спортын төрөл. Гэвч хариуцлагагүй удирдлагын буруугаас нэг тэмцээнээ салхинд хийсгэж, нөгөө боломжоо ашиглаж чадсангүй. Дасгалжуулалт хоцрогдсоны тод жишээг бид Бангкокийн тэмцээнээс харлаа. Риод зургаа, Токиод хоёр эрэгтэй тамирчин эрх авч байв. Харин энэ удаа нойл. Манай медаль авах шаанстай гол төрөл байсан. Хэрвээ өмнөх тэмцээнийг салхинд хийсгээгүй бол магадгүй 2-3 эрх авах байсныг үгүйсгэхгүй. Эрэгтэй тамирчид болон дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд эрс шинэчлэлт хийх шаардлагатай болжээ. 2028 оны Лос-Анжелесийн олимпод боксын спортыг багтаахгүй байх магадлал одоогоор өндөр байна. Хэрвээ тийм зүйл болбол Монголын эрэгтэй боксчдын хувьд харамсалтай.
Сүүлийн жилүүдэд монголчуудыг огшоож, сэтгэл хөдлөлийг нь дээд цэгт нь хүргэж буй спортын төрөл бол 3х3 сагсан бөмбөг. Эмэгтэйчүүд өнгөрсөн олимпод оролцсон бол энэ удаа эрэгтэйчүүд өрсөлдөх боломж 90 хувьтай байлаа. Харамсалтай нь боломжоо өөрсдөө салхинд хийсгэв.
Бусад төрлийн тухайд биелүүлэх ёстой нормоо л биелүүлэв. Дугуйчдыг сайшаах нь зүйн хэрэг. Тэд энэ удаа онцгой байсныг зориуд дурдах нь зөв биз.
Ийнхүү монголчуудын оролцох олимпын эрхийн тэмцээн хаагдаж, тоо ч эцэслэгдлээ. Одоо ганц, хоёр төрлийг эцсийн байдлаар баталгаажуулж зарлах л үлдэж байна.

https://itoim.mn/a/2024/06/21/sport/mui?7038e068de185f00e4ef6c7f7692987a
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn