Зорчигчдын толгой тоолсноос мөнгийг нь тоолъё!

52

Нийтийн тээврийн автобусанд ирэх сарын 15-наас хүний толгой тоолдог төхөөрөмж суурилуулах гэнэ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа "Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байна. Тодруулбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна.
Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэнэ.
Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн дэргэд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийг нэвтрүүлнэ" гэв. Ингэснээр тухайн иргэний толгойг тоолж, картаа төхөөрөмжид уншуулсан зорчигчдын тоотой нь харьцуулах юм байна. Хэрэв карт уншигч, зорчигчдын толгойн тоо хоорондоо зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих гэнэ. Харин иргэдийн зүгээс хүний толгой тоолсноос мөнгө төгрөгөө л зөв тоолох хэрэгтэй гэдэг шүүмжлэлийг хэлж байна.
Автобусаар зорчих 500 төгрөгийг иргэд бэлнээр жолоочид өгдөг нь нийтийн тээврийн салбар өөдлөхгүй байх нэг том дутагдал болж ирснийг дээр дооргүй шүүмжилдэг ч энэ алдаа засрахгүй явсаар өнөөдөртэй золгож буй.
Үүнийгээ ч жолооч нар нуусангүй, ил цагаан зарласан.  Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компаниудын жолооч нар өчигдөр /2024.02.26/ цалингаа нэмүүлэх шаардлага тавих үеэр “Трансбус” ХХК-ийн жолооч Э.Бат-Орших “Зорчигчийн бэлнээр өгдөг 500 төгрөгийг хүүхдийн живх, талх тариа хоол хүнс, нүүрс түлээ авахдаа зарцуулдаг.  Тэр 500 төгрөгийг аваад бид оцойж овоотлоо баяжсан бол “Бид энд амьдрал хэцүү байна. Цалин нэмээд өг” гэж гоншигнон шаардлага хүргүүлэхгүй шүү дээ” гэж тайлбарлаж байв.

https://news.mn/r/2705830/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn