Ц.Содномдорж: Н.Батсуурь аварга намайг амлана гэж бодоогүй. Бас амлуулсандаа уурлаагүй

298
Улсын арслан Ц.Содномдорж өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан тайлбар хийлээ. Тэрээр "Хоёр зүйл дээр тайлбар хийж үнэн, худлыг хэлье гэж бодлоо. Нэг нь дөрвийн давааны оноолт буюу цэргийн арслан Г.Жамбалдоржтой хийсэн барилдаан. Нөгөө нь долоогийн давааны барилдаан. Энэ хоёр барилдаан дээр яг юу болсон бэ гэдгийг үнэн зөвөөр нь хэлье гэж бодож байна.
Дөрвийн даваанд оноолтоор барилддаг. Би ч өөрөө оноолтоор барилдаж улсын цолны босго алхсан. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж 2003 оноос хойш дөрвийн давааг амлаж барилддаг байсныг оноолтоор барилддаг болгосон. Үүнд бөх сонирхогчид тааламжтай байдаг. Учир нь, олон хүний яриад байдаг найраанаас сэргийлж оноолтоор барилдуулдаг болсон. ЭНэ жилийн хувьд би дөрвөн даваанд Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Г.Жамбалдоржтой таарч барилдсан. Барилдааны явцад юу болсон бэ гэдгийг хэлье. Г.Жамбалдоржийн өгсөн ярилцлагыг үзсэн. Г.Жамбалдорж бол сайхан биетэй сайн бөх. Улсын цолонд хүрэх байх гэж харж явдаг. Гэхдээ хэн нэг хүний явуулгаар ч юм уу худлаа ярьж болохгүй. Намайг барьцгүй 3-4 удаа талбайгаас түрж гаргасан. Хөлийн цэцээс надад нэг сануулга өгсөн. Элэг бүс, сэнжигний барьцнаас намайг хоёр удаа түрж гаргасан. Хөлийн цэц надад хоёр дахь удаагаа сануулга өгсөн. Золгож барилдах цаг болоход идэвхтэй барилдсанаар Г.Жамбалдоржийн талаар золгох ёстой гэсэн. Түүнийг нь би хүлээн зөвшөөрсөн. Г.Жамбалдорж баруун золгоё гэсэн. Баруун золгооны барьц задарч зүүн золгож барилдсан ч бас задарсан. Дараа нь баруун давхар золгосон. Энэ үед миний нэг барьц салаагүй байхад Г.Жамбалдорж "Ахаа хоёулаа барьц салах уу" гэж хэлсэн. Тэгээд барьц салсан. Зүүн давхар золгоод миний нэг шуудагны барьцыг тавиулснаа "Ахаа хоёулаа барьцаа задлах уу" гэсэн. Би тэгье л гэсэн. Би бодохдоо баруун давхар золгоно гэж бодсон. Гэвч дүрэмд өөрчлөлт орсон юм билээ. Баруун дангаас эхлүүлсэн. Ингэж явсаар бид хоёрыг шинэ дүрмийн барьцнд оруулсан. Шинэ дүрмийн барьцнаас бидний барилдаан хэд хэдэн удаа задарсан. Тухайн үед Г.Жамбалдорж юу ч хэлээгүй. Би сугыг нь цохиолд алсын сүвээний барьц аваад өргөхөд Г.Жамбалдорж "Болоогүй ш дээ" гэж орилсон. Давчихаад тахимаа авах гэтэл "Барьц салсан байхад та намайг өргөөд тавьчихлаа ш дээ, яаж байгаа юм бэ" гэсэн. Барилдааныг хэн ч зогсоогоогүй үргэлжилж байсан. Өөрөө барьцаа тавьсан нь Г.Жамбалдоржийн өөрийнх нь буруу. Би барьцаа тавиагүй байсан. Хэрэв барьцаа тавихдаа "Ахаа барьц салъя" гэсэн бол би салах л байсан. Гэтэл надад юу ч хэлээгүй. Би барилдааны явцад нэг ч удаа "Барьц салъя" гэж хэлээгүй. Гэтэл Г.Жамбалдорж "Ц.Содномдорж арслан барьц салъя гэж хэлээд салсны дараа өргөөд тавьчихсан" гээд ярьж байна лээ. Ингэж худлаа ярьж болохгүй. Тахимаа өгөхдөө "Сайн барилдаарай ахаа, түрүүлээрэй" гэж хэлээд явсан. Гэтэл үзэгчид рүү орчихоод олон хүнийг талцуулсан. Ингэж болохгүй. Би ингэж нэг даваа авахдаа арай ч тулаагүй байна.
Долоогийн даваанд Н.Батсуурь аваргатай барилдсан. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Өмнө нь таарахдаа ч ингэж л барилддаг байсан. Хэн нэгэндээ бууж өгдөггүй. Харин энэ удаад шинэ дүрмээр барилдлаа. Баяр наадмын комисс хуучин дүрмээр барилдуулна гэж байснаа долоодугаар сар гарсны дараа дүрмээ шинэчилж бөхчүүдэд танилцуулсан. 10 хүрэхгүй хоногийн өмнө дүрмээ өөрчилчихөөр бөхчүүд шинэ дүрэмд дасаж амжихгүй байна. Долоогийн даваанд Н.Батсуурь аваргыг давахад хүмүүс шүүмжилж байна лээ. Гэхдээ энэ бол Н.Батсуурь аваргын буруу биш. Хэрэв намайг давуулсан бол ялгаагүй ийм л хандлага гаргана. Ард түмэн бол нэг нь давж, нөгөө нь унахыг л харахыг хүсэж байгаа.
Долоогийн даваанд Н.Батсуурь аварга намайг авахгүй байх гэж бодож байсан. Яагаад гэхээр, уг нь бид нар нэг нэгнийхээрээ орж гардаг гэр бүлийн найз нөхөд байсан. Харин сүүлийн нэг жил гаруй хугацаанд уулзах нь холдод хөндийрсөн. Энэ юунаас болсон гэхээр, 2020 оны наадмын дараа Н.Батсуурь. Р.Пүрэвдагва нараас сэргээшийн төрлийн бодис илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Тухайн үед нь би "Юу болсон юм бэ" гээд асуухад "Би ийм эм уугаагүй. Хаанаас ийм зүйл гарав. Гайхаад байна" гэж хэлж байсан. Би Н.Батсуурьд итгэж байсан. Монголын үндэсний бөхийн холбоо барилдах эрхийг нь хассаны дараа маргаан үүссэн. Энэ үед бидний хооронд үл ойлголцох асуудал гарсан. Тэглээ гээд би амлаж барилдахад нь уурлаагүй. Харин цаг дуусаад идэхээр нь давуулна, давуулахгүй гээд маргаж байх үед би "Дахиад нэг золгоод барилдъя" гэсэн. Гэтэл "Үгүй ээ. Дүрмээ л дагана" гэхэд нь маргалдаад хэн хэндээ хатуу ширүүн үг хэлсэн. Энэ бол үнэн. Гэхдээ дараа нь хэн хэнээсээ уучлал гуйгаад гар барьсан" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn