Цагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна
Чингэлтэй дүүрэгт Дэнжийн 1000-ын Цагаан байр орчмын замыг “Хүчит шонхор” захын уулзвартай холбосон 1.7 км авто зам шинээр тавьж байна. Түүнчлэн дүүргийн 10 дугаар хороонд шинэ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын орон сууц барихаар 2.8 га талбайг чөлөөлжээ.
Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, дүүргийн эмнэлгийн өргөтгөл, Эрт илрүүлэг, оношилгооны төвөөс гадна хэд хэдэн авто замын ажил өрнөж байгаа. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн 9, 10, 11 дүгээр хороог дамнасан авто зам шинээр тавьж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлгийг байгуулахаар газар чөлөөлсөн. Бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөлт гол тулгамдсан асуудал болж байгааг дүүргийн удирдлагын зүгээс хэлж байв. Авто замын ажлыг гүйцэтгэгчээс өгсөн мэдээллээр шинэ авто замыг тавихдаа борооны ус зайлуулах шугам, явган хүний зам зэргийг иж бүрэн хийж, тохижуулна. Дөрөвдүгээр сарын 6-наас зам барилгын ажил эхэлсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Гэхдээ төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгахад газар чөлөөлөлтийн асуудал тулгамдаж байна гэдгийг мөн хэлж байлаа. Шинээр тавьж буй авто замын трасст 26 нэгж талбар өртсөнөөс 11-ийг нь чөлөөлөхөөр зөвшилцөлд хүрээд байгаа аж. Газар чөлөөлөлтийн үйл явцыг эрчимжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм. |