Ардчилсан намынхан тамганыхаа асуудлыг шийдчихлээ, одоо МАН-аас салчихвал...

352


МАН-ЫНХАН АРДЧИЛСАН НАМЫНХНЫГ БӨӨНӨӨР НЬ АЙЛГАЖ ЧАДАХГҮЙ

      С.Эрдэнэ Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт тамга, тэмдгээ албан ёсоор хүлээлгэн өгч, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Ардчилсан нам бүтэн болов. Ингэснээр гурван жил үргэлжилсэн Ардчилсан намын талцал, тамганы хэрүүл албан ёсоор эцэс болж, МАН-ынханы жинхэнэ сөрөг хүчин болох нь. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан Ардчилсан намын дарга нарын хэргийг наймаалцаж, тохиролцож, өөрсдийнхөө төлөө, МАН-ын төлөө ямагт гүйлгэж ирсэн. С.Эрдэнээс эхлээд МАН-ынхны үгнээс гардаггүй, гарах ч эрхгүйгээр Ардчилсан намыг муухай, МАН-ыг аятайхан харагдуулах ажилд оролцож байв. Тэр утгаараа Ардчилсан нам ямар ч толгойгүй болж, иргэд “Сөрөг хүчингүй боллоо. Монголд МАН-ынхан дарангуйлж байна” хэмээн гомдоллож, улс төрчид нь “Ардчилсан нам шиг нам байж болох уу” хэмээн бухимдаж байв. Харин одоо Ардчилсан намынхан эвлэлдэн нэгдэж чадсан бол сөрөг хүчин гэж ямар байдгийг иргэдэд төдийгүй улс төрчдөд бүрэн утгаар нь харуулах, мэдрүүлэх хэрэгтэй. Хэрэв МАН-аас хараат бус жинхэнэ сөрөг хүчин байж чадах юм бол Ардчилсан намынханд төдийгүй Монголд хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэж байна.

АРДЧИЛСАН НАМЫНХАН МАН-ААС САЛЧИХВАЛ УЛС ТӨРИЙН САЛХИ ӨӨРӨӨР ЭРГЭНЭ

      Ардчилсан намын үе үеийн дарга нар, лидерүүд нь багцалсан сум шиг болж чадах юм бол МАН-ынхан өмнөх шигээ тэднийг ганц,  ганцаар нь суглаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Ардчилсан намынхныг бөөнөөр нь айлгаж сүрдүүлж, барьцаалж чадахгүй гэсэн үг.  Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Л.Гантөмөрт тамгаа өгөх үеэрээ “Ардчилсан намд үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж, нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашдаа эв нэгдлээ бэхжүүлж, улс орны өмнө тулгамдаад байгаа олон сорилт, шалгалтуудыг хамтдаа давна гэсэн зорилготойгоор зөвшилцлийн санамж бичгийг байгуулж байна. Нийгэмд АН эв зүйгээ олж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлээсэй гэдэг хүлээлт бий болсон. Ялангуяа, эрх баригчдын хэт даварсан, нэг намын дарангуйллыг бий болгосон бусармаг үйлдлийг таслан зогсоож чадах цорын ганц улс төрийн хүчин бол АН гэж Монголын ард түмэн харж байгаа. Бид ч гэсэн ийм үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухамсарлаж, ойлгох ёстой. Тэр ч утгаараа бид өнөөдөр намын удирдлагын түвшинд бие биенээ хүлээн зөвшөөрч, үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж, нийгэм, иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх алхам руу хүчээ нэгтгэн орох зайлшгүй шаардлага байгаа.Тиймээс бид АН-ын даргаар шинээр сонгогдсон Л.Гантөмөр даргыг тойрч, нэгдмэл нэг цул улс төрийн хүчин болж ажиллахыг намын олон мянган гишүүн, дэмжигчид 100 хувь дэмжиж байгаа гэдэгт илтгэлтэй байна” хэмээсэн юм. Харин Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “АН-ын Дээд шүүхийн бүртгэл болж, дөрөвдүгээр сарын 7-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гэрчилгээгээ авсан. Ингээд дөрөвдүгээр сарын 7-нд буюу АН-ын 33 жилийн ойгоор гэрчилгээ дээрээ намын шинэ даргаа бүртгүүлсэн. Харин өнөөдөр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу Монголын ардчиллын эцэг, ардчиллын удирдагч С.Зориг агсны төрсөн өдрөөр тамга шилжин ирж, АН бүтэн болж байна.  Хоорондоо маргалдах, үл ойлголцох зүйлс гарна. Гэхдээ АН энэ бүгдийг шингээж чаддаг, Монголын ард түмэн, Монголын төр хооронд гүүр нь болсон улс төрийн хүчин болно гэдгийг илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл тэвчээр гаргаж, Монголын ардчиллыг авран хамгаалж, монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн бүх намын удирдлага, гишүүд, идэвхтэй сонгуульт гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэсэн юм. Ингэснээр С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Л.Гантөмөр тэргүүтэй ардчиллынхан шинэ сэргэлт хийж, МАН-ынхнаас хараат бус болж, бүрэн бүрэлдэхүүнээрээ салчихвал улс төрийн салхи арай өөрөөр эргэх нь тодорхой. 

https://ergelt.mn/news/1/single/32404
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn