Хэлэлцээрт бэлэн байгаа тухай Киевийн мэдэгдэлд Кремль хариу өгөв
Украины хууль тогтоомжийн дагуу ОХУ-тай хэлэлцээр хийх боломжийг Украин өөрөө үгүйсгэж байна. Энэ тухай ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоровын "Москватай яриа хэлэлцээ хийхээс татгалзахгүй, олон улсын эрх зүйн нийтлэг зарчмуудыг баримтлан хэлэлцээг сэргээх талаар нухацтай авч үзэхэд бэлэн байна" гэсэн мэдэгдэлд Кремль ийм хариу өгөв.
"Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл Украин хэлэлцээр хийх боломжийг өөрөө үгүйсгэж байна" гэж Путины хэвлэлийн төлөөлөгч тодотгов.
Харин Оростой ээлцээр хийх асуудлаар Украины Ерөнхий сайд асан Николай Азаров хэлэхдээ "АНУ зохих шийдвэр гаргасан тохиолдолд л Киев хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэж мэдэгджээ. Тэрээр хэлэлцээр хийхийг хуулиар хориглосон Киевийн одоогийн байр суурийг утгагүй гэж тодотгожээ.
Эх сурвалж: Лента.ру