BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Омикроны тав дахь давалгаа эхэлж, төмс хүнсний ногооны үнэ НЭМЭГДСЭН долоо хоног

0

Bolod.mn сайт долоо хоног бүрийн ням гарагт улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг уламжлалтай. Эдгээр өдрүүдэд иргэдийн бухимдлыг хүргэсэн асуудал бол хүнсний голлох бүтээгдэхүүн болох төмсний үнийн өсөлт байлаа. Нэг кг тутамдаа 4500-5000 төгрөгт хүрсэн хүнсний ногооны үнийн ирэх долоо хоногоос тогтворжиж эхлэх талаар Засгийн газраас мэдээлэв. Түүнчлэн манай улсад ковидын шинэ хувилбар болох омикроны 5 дахь давалгаа эхэлсэн болохыг ЭМЯ-наас мэдээлсэн. Эдгээр болон бусад онцлох үйл явдлуудыг BOLOD.MN сайтын тоймоос хүлээн авч үзнэ үү. 

Хүүхдээ цэцэрлэгт хамруулах саналыг “E-Mongolia-гаар дамжуулж зохион байгуулахыг даалгалааЗасгийн газрын хуралдаанаар 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа. Үүнд,
  • Цэцэрлэгт хүүхдээ суралцуулах нийслэлийн иргэдийн саналыг “Е Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн платформоор дамжуулж зохион байгуулах,
  • улсын хэмжээнд ЕБС-иудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх,
  • 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүрэн ашиглалтад оруулан улсын комисс ажиллуулах, гүйцэтгэгч нарт санхүүжилтийг саадгүй олгох, үнийн өсөлтөөс шалтгаалсан төсөвт өртгийн нэмэгдэл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан бол ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх,
  • бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын их болон урсгал засварыг 08 дугаар сарын 25-ны дотор дуусгах зэргийг Ерөнхий сайдын албан даалгавраар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зарим их, дээд сургуулийн үндсэн эрдмийн хичээлийг аймаг, сумдад оруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудын бүтэц, нэршлийг шинэчлэх болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах, хичээл сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдсэн зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо.
 
“Эрт ургацын төмс нийлүүлж эхэлсэн тул үнэ тогтворжиж эхэлнэ”
Өргөн хэрэглээний хүнсний ногоо болох төмс, лууван, байцааны үнэ өсөж кг тутамдаа 4500-5000 төгрөгт хүрсэн. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шатахууны үнийн өсөлт болон хил гааль хаасан асуудалтай холбон тайлбар өгсөн. Харин Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлж эхэлсэн бөгөөд ургац хураалт эхэлж, нийлүүлэлт тогтвортой болсноор үнэ тогтворжино гэдгийг мэдээлэв. ХХААХҮЯ-аас мэдээлснээр улсын хэмжээнд 570 мянган га талбайд ногоо тариалсан бөгөөд төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангахад хүрэх аж. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 10 тонн ногоо нийлүүлж байгаа нь үнэ буурах нөхцөлийг бүрдүүлнэ гэв.
 
 
ЭМЯ: Омикроны тав дахь давалгаа эхэллээ
Эрүүл мэндийн яамнаас сүүлийн долоо хоногт Омикроны халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан цаг үеийн мэдээлэл хийсэн. Омикроны BA.4, BA.5 хувилбар нь анх 2022 оны гуравдугаар сард Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад бүртгэгдсэн. Улмаар бусад тивүүдэд тархалт өгч одоог хүртэл намжаагүй байна. Дэлхийн дахинд сүүлийн таван долоо хоногийн турш тохиолдлын тоо өссөн.
Зарим улсад хөл хориогоо сэргээж эхлээд байгаа бөгөөд АНУ-д өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр буюу 2,345 нас баралт бүртгэгдсэн.
Манай улсад энэ оны долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн байна. Халдварлах чадвар өндөр байгаа учраас BA.5 хувилбарын эзлэх хувь богино хугацаанд эрчимтэй нэмэгдэнэ гэсэн таамаглалыг олон улсын эрдэмтэд гаргажээ. Манай улсын хувьд ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээний дүнгээс харахад BA.4, BA.5 хувилбарын эзлэх хувь нийт халдварын 10 орчим хувь байгаа аж. Цаашид энэ сарын сүүл гэхэд 80-90 хувь руу орно бөгөөд Омикроны BA.4, BA.5 хувилбар нь халдварын сүүлийнх биш гэдгийг анхааруулж байна” хэмээн мэдээллээ.
Энэхүү халдвараар өвчилсөн хүүхэд мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байна. Хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа ба үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхдүүдэд эрсдэл бас үүсч байна. 
 
АИ-92 автобинзенийн үнэ он дуустал нэмэгдэхгүй
АИ-92 автобензиний үнэ энэ он дуустал тогтвортой байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, тус зүгээс өнгөрсөн 4-6 сард ОХУ-ын Роснефть компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллароор буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна.
Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2,390 төгрөгт хадгалагдаж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн.
Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлцээр хийн ажиллаж байна хэмээн мэдээлэв.
 
Цэргүүдийг зөвшөөрөлгүй ажлуулсан “Галтууд” ХХК-ын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ
Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н нь 2022 оны долоодугаар  сарын 13 нд барилгын хажуунаас нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Талиийгаач цэрэг тус ангийн штабын дарга Н.Баяраагийн найзууд болох Д.Төрбаяр, Б.Баярчимэг нарын эзэмшлийн “Галтууд” ХХК-ын хармагийн талбайд ажиллаж байх үеэр энэхүү харамсалтай хэрэг гарсан юм. Галтууд компани арван цэрэг ажиллуулж байсан бөгөөд ангийн захирагч нь мэдээгүй байсан гэх мэдээллийг хэвлэлд өгсөн юм.
Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд цэргүүдийг ажиллуулсан "Галтууд" ХХК-ын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ.
 
Play time”-ын үеэр хар тамхи хэрэглэсэн таван хүнийг илрүүлж, нэг оргодлыг барьжээ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас "PLAYTIME-2022" хөгжмийн наадмын үеэр наадамд оролцож байсан 30 иргэдээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагааг зохион байгуулжээ.
Шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй 3, хэрэглэж мансуурсан 5 хүний үйлдлийг, мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 1 оргодол этгээдийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Машинтайгаа сураггүй болсон эмэгтэйн цогцос Хэрлэн голоос олджээ
Энэ сарын 18-ны өдөр машинтай явж байгаад сураггүй болсон эмэгтэйн цогцос өчигдөр /2022.07.19/ Хэрлэн голын уснаас олджээ. Тодруулбал, Багануур дүүргийн онцгой байдлын газарт иргэн С автомашинтай явж байгаад алга болсон тухай дуудлага ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн 65 настай эмэгтэй С нь “Приус-20” загварын суудлын автомашинтай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт явж байгаад шаварт суусан гэх ба иргэн С нь машин дотроо байгаагүй байна. Улмаар аврагчид, эрэн хайх ажиллагааг эхлүүлж Хэрлэн голоор завьтай урсаж, явган болон автомашинаар нийт 40 км газар хайгаад эмэгтэйн унаж явсан машинаас 30 км зайд Хэрлэн голын уснаас цогцсыг нь олж, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn