"Хөгжлийн банк"-ны 14 албан тушаалтныг шалгаж, 11-ийг нь хорьжээ
Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2022.03.22/ "Хөгжлийн банк"-тай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд "Хөгжлийн банктай холбоотой асуудал өмнө нь 2016 оноос гэмт хэргийн шинжтэй мэдээлэл ирж, шалгагдаж байсан. Тодорхой хэргүүд дээр ажиллагаа явагдаж, шийдвэр гарч байсан. Харин 2022 оноос эхэлж сэтгүүлчдийн гаргаж тавьсан асуудлын мөрөөр "Хөгжлийн банк"-ны асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, шалгагдаж байна. Одоо хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 аж ахуйн нэгжийг холбогдуулан шалгаж байна. Хоёр их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.
Хөгжлийн банкны энэхүү 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс 14 нь "Хөгжлийн банк"-ны албан тушаалтнууд байна. Найм нь аж ахуйн нэгжийн удирдлага, албан хаагчид байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад 11 хүнийг цагдан хорьсон. Хөгжлийн банканд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хуульд заасан хязгаарлалтуудыг хийж байна. Өөрөөр хэлблэ, 641 ширхэг үл хөдлөх битүүмжилсэн. 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон" гэх мэдээллийг өглөө.