“Зуун настай залуу” төв талбайд мэндчиллээ

191


МХЗЭ-ийн үүсгэн байгуулагчдын нэг Г.Найдансүрэн-Хувьсгалын дараа Сүхбаатар бидэнд комендатурт очиж ажиллах тушаал өгөв. Тэгээд орос цэрэгт байсан торгуудууд биднээс “Та нар комсомолын гишүүн үү?” гэж асууж ярилцдаг байснаас уламжлан бид тийм залуучуудын байгууллага буй болговол яасан юм бэ гэж сэдэж эхлэв. Нэгэн өдөр Сүхбаатар манай комендатур дээр ирэв. Тэр завсар залуучуудын эвлэл байгуулах тухай Гүрсэд, Бат-Очир бид гурав санал бичээд байсан юмсан. Түүнийгээ Сүхбаатарт үзүүлэв. Сүхбаатар “Энэ санал их зүйтэй байна. Харин таваас доошгүй хүн гарын үсэг зурах хэрэгтэй. Миний нэрийг нэмж орхи. Чойбалсанг биччих, тэр ямар миний үгнээс гарах юм биш” гэж хэлээд бид тавуул гарын үсэг зурав” гэжээ.
Энд дурдсанаар бол Д.Сүхбаатар залуучуудын байгууллагыг үүтгэх төслийг бичээгүй, харин Гүрсэд, Бат-Очир нарын бичсэн санал дээр гарын үсэг зурсан болж таарлаа……“Бошгыг халах залуучуудын эвлэлээс эмэгтэйчүүд гэзэгтэйгээ байх нь хувьсгалын үйл хэрэгт үл нийцэх тунхаг гаргаж, улмаар сүрдүүлэн жигшээх аргаар эмэгтэйчүүдийг хар зах дээр цуглуулан, үс гэзгий нь тайрч, үсний даруулга шигтгээг хураан авсан хэрэг 1922 онд гарах нь тэр. Нийслэл хүрээгээр л дүүрэн уйлж бахиралдсан хүн, үсээ сэгсийлгэсэн эхнэрүүд гүйлдэх болж, тун үзэшгүй юм болсон гэдэг. Үүнийг сэдсэн хүн нь Ерөнхий сайд Д.Бодоо.
-Манай эхнэрүүдийн үсийг гадаадын улсууд аэроплон (нисэх онгоц) гэж шоолдог. Энэ явдал Монголын боловсон байдалд тохирохгүй учир эхнэрүүдийн үсийг авч боловсон байдалд оруулах ажлыг залуучуудаар хийлгэж байгаа юм гэж намын хурал дээр сүрхий ярьж зогсоход нь Д.Сүхбаатар босч “За нөхөд өө! Та нар намайг улаан гэнэ үү, өөрсдөө мэд. Эмэгтэйчүүдийн үсийг хүчээр тайрах чинь манай хувьсгалд тус хүргэх үү, хор хүргэх үү? Ерөнхий сайд хүн ийм хэрэг хийж болох уу? Нөхөр Бодоо та бодоод үз” гэж хэлжээ…”
“Зуун настай залуу” номын хэсгээс….
Ардын хувьсгалын халуун өдрүүдэд жанжин Д.Сүхбаатар хэрхэн залуучуудын байгууллага байгуулах талаар ярилцаж, тухайн үеийн залуучууд хэрхэн эвлэлдэн нэгдэж, нэг хэсэг цорын ганц эрх баригч МАХН-ын дээгүүр ч гарахаар хүчирхэг болон шүүмжлэгдэж, зарим нь хэлмэгдэж, зарим нь манлайлж явсан хийгээд шинэ Монголын бүхий л цаг үед түүчээлж ирсэн залуучуудын байгууллагын түүх энэхүү номонд дурайна. Гэхдээ албаны, цэмцгэр уйтгартайдуу хэлбэрээр биш шүү. Нийгэм өөрчлөгдөхийн зэрэгцээ Монголын залуучуудын холбоо хэмээх шинэ нэртэй болсон байгууллагын удирдагчдын талаар хар цагаантайгаа сүлэлдсэн хөрөг, тухайн үеийн шилдэг залуучуудын ярилцлага, өнөөдрийн залуу хүн ямар байж болох талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл гээд энэ номноос сэтгүүл зүй, утга зохиолын өнгө хэлбэр бүхэн үнэртэнэ.
Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баяр үргэлжилж байгаа энэхүү өдрүүдэд “Гол тоглогч” номын зохиолч, сэтгүүлч, “Алтан өд” шагналт Д.Дамдинжав ийнхүү “Зуун настай залуу” номоо уншигчдынхаа гарт өргөн барьж, 15 дахь удаагийн “Номын баяр”-ын үеэр танилцууллаа. Жил бүрийн хавар, намар нийслэлийн төв талбайд болдог “Номын баяр”-ын өдрүүдэд ийнхүү нэгэн шинэ, сонирхолтой ном уншигчдынхаа гарт хүрлээ.
Зохиолч Д.Дамдинжав:
-Түүхэн ном, түүхэн үйл явдал хүн бүрийн хувьд сонирхолтой сэдэв. Түүхийг ихэвчлэн он цагийн дарааллаар хуурай баримт хэлбэрээр бичдэг. Миний хувь номоо бичиж байх явцад нэг зүйл бодогдож байсан. Тэгээд залуучууд гэж хэн бэ? Залуучуудын үүрэг, залуучууд юу мэдвэл чухал вэ зэрэг маш олон агуулгыг багтаасан. Би өөрөө залуу хүн. Тийм учраас залуу хүн гэдэг өнцгөөс харж бичсэн. Ахмадуудаа хүндлэх, ирээдүй хойч үеээ хайрлах гэдэг өөрөө уялдаа холбоото, ертөнцийн жам. Ахмадуудаа хүндлэнэ гэхээр юуны түрүүнд тэдний хийж бүтээсэн он цагуудыг ойлгож мэдэх ёстой. Тэрхүү үнэ цэнийг мэдэж байж түүхээ мэднэ гэдэг үүднээс энэхүү номоо бичсэн.
МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од:
1921 оны 8 дугаар сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар Х.Чойболсан томилогдож байсан. Цаг үеийн өөрчлөлтийн дагуу 1991 оны 1 дүгээр сарын 18-нд “Монголын Залуучуудын Холбоо” болж өөрчлөгдөн энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. 100 жилийнхээ ойн хүрээнд манай байгууллагын түүхийг судлаж хүмүүст ойлгогдохоор товч бөгөөд сонирхолтой байдлаар ном бичих хүсэлтийг зохиолч Д.Дамдинжавт хандсанаар энэхүү номыг уншигчид та бүхэндээ хүргэж байна.
Та бүхэн энэ номыг уншсанаар Монгол Улс төдийгүй Ази тивийн анхны залуучуудын байгууллага болох МЗХ-ны түүхийг мэдэх боломжтой юм.
Номын редактор, сэтгүүлч А.Алтантуяа
Шинэ номын өнхны уншигч, анхны редактор гэдэг хамгийн хүндтэй үүрэг байдаг. Түүхийн ном гэхээр хүмүүс уйтгартай, ээдрээтэй мэт санагддаг. Харин энэхүү ном нь хөрөгтэй, ярилцлагатай, асуудлыг дэвшүүлсэн нийтлэлтэй, түүхэн баримт, эх сурвалжтай бичлэгийн бүх төрөл зүйлийг харуулсан сонирхолтой түүхэн баримтат ном болсон болохоор би уншигчийн хувиар шимтэн уншсан. Монголын залуучуудын байгууллагын үүсэл хөгжлийн талаар Монголын залуучуудын холбооноос 10 боть хэвлэн гаргасан. Энэхүү боть номуудын нэгэн жим болж байгаа “Зуун настай залуу” ном залуучуудад илүү ойлгомжтой, ойрхон байх болов уу? Ярилцлага, нийтлэл, хөрөг, түүхийн баримт, асуудал дэвшүүлсэн нийтлэл гээд бүхий л төрөл зүйлээр бичигдсэн онцлог, содон өнгө төрхтэй энэ ном залуучуудад залуучуудын байгууллагын түүхийг мэдэх том хувь нэмэр болно байх аа.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn