Б.Ууганбаяр: Миний анхны контентын зохиолч, найруулагч, гол дүр нь би өөрөө

1 023
Уран бүтээлийнхээ амьдралд анхдагчуудыг бүтээж буй “М” продакшны найруулагч, жүжигчин Б.Ууганбаярыг та бүхэнтэй уулзуулж байна. Түүнтэй өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж буйг хүлээн авна уу.
-Анхны уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзаж буй залуу уран бүтээлч Б.Ууганбаяр жүжигчний мэргэжлийг яагаад сонгосон бэ. Хэзээ мэргэжлийн сургуулиа төгссөн бэ?
-Би багаасаа жүжигчин болно гэж боддог байсан. Хошин урлагийн жүжигчдийг хараад л энэ хүсэлдээ дийлдсэн шиг байгаа юм. Сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгөх гэсэн чинь хоцорсон байсан. Тэгээд КУДС элсэлт авч байна гэж ахаасаа сонсож очоод жүжигчний ангид сурч 2014 онд төгссөн. 
-Хошин урлагийнхан нэг ёсондоо ирээдүйн замыг чинь тодорхойлж өгсөн гэж ойлголоо. Энэ утгаараа өөрөө их хошин мэдрэмж өндөртэй хүн үү. Жүжигчин, найруулагчдаас хэнийг нь онцолж, илүү үлгэрлэл авдаг вэ?
-Арван жилд анги дотор алиа марзан хүүхэд байдаг даа, би нэг тийм төрлийн хүүхэд байсан юм. Хошин урлагийн Бооёо ахыг дуурайж урлагийн үзлэгт ордог байлаа /инээв.сурв/. Ер нь манай ангийнхан ч намайг жүжигчин бол гэдэг байсан. Би ч өөрөө жүжигчний мэргэжилд дуртай, хайртай болохоор энэ замд эргэлт буцалтгүй орсон юм.
Би КУДС-иа төгсөөд "Шинэ үе" продакшнд анх ажилд орж, хоёр жил ажиллаад, дараа нь "Этик" продакшнд орсон. Жүжигчин А.Энхжин, З.Даваазул ах нар бол манайхаас хоёр үеэр дээш төгсөлтийн ах нар юм. Ер нь уран бүтээл хийж байгаа бүх л ах, эгч нарыгаа хүндэлж, тэднээсээ үлгэрлэл авч явдаг. Гадаадаас гэвэл, Adam Sandler-ийг илүүд үздэг.
-Сургуулиа төгсөөд хэчнээн уран бүтээл дээр ажиллав?
-Жүжигчнээр КУДС-ийг төгсөөд дээр дурьдсан продакшнуудын уран бүтээлүүд дээр ажиллаж байсан. Харин “Караоке” гэдэг энэ контентынхоо зохиолыг өөрөө бичээд, өөрөө найруулаад, өөрөө гол дүрд нь тоглосон /инээв.сурв/. Миний анхны зохиол, анхны найруулга, анхны гол дүр. Нэг үгээр бол миний анхдагчуудын цогц юм.
-Анхны уран бүтээлийнхээ талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцаач.
-Намайг оюутан байх үед манай ах караоке ажиллуулдаг байсан юм. Би тэр караокед нь сургуулиа төгстөлөө ажилладаг байлаа. Тэгэхээр энэ сэдэв надад ойрхон юм байна гэж бодоод зориглоод “Караоке” контентыг хийсэн дээ.
Ер нь караокед болдог хөгжилтэй үйл явдлыг харуулахыг хичээсэн байгаа. Энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүст ч, нөгөө талаас үйлчлүүлэгч нарт ч харьцангуй ойр сэдэв учраас магадгүй зарим хүмүүс өөрсдийнхөө хөгжилтэй дурсамжийг энэ киноноос харах байх гэж найдаж байна /инээв.сурв/. Анхны уран бүтээл болохоор алдаа байлгүй яахав. Дараа нь үзээд энэ тэрийг нь ингэдэг байж гэж бодсон зүйл зөндөө байна лээ. Хэдийгээр ах эгч нараасаа зөвлөгөө авсан ч анхны юм бол анхных л байдаг юм билээ. Кино группийн залуучууд маань үнэхээр чадварлаг учир ямар ч байсан ард нь гарч чадсан. Кино группийн хамт олондоо баярлалаа. 
-“Караоке” контент анги тус бүртээ өөр өөр үйл явдлууд гарах уу, эсвэл нэг үйл явдлыг цувралаар үзүүлэх үү?
-Анги бүртээ караокед болдог үйл явдлыг харуулна. Анги болгон дээрээ шинэ дүртэй гэсэн үг. Ерөнхий багц найман ангиараа бол караоке ажиллуулдаг хоёр залууд тохиолдож байгаа үйл явдал гарна. Төгсгөлийн анги нь үргэлжлэхээр дуусч байгаа. Тэгэхээр энэ найман ангийг нэг бүлэг гэж ойлгож болно.
Залуучууд одоо нийлж бизнес хийдэг болсон шүү дээ. Ийм санаа бодолтой яваа залуус бас үзвэл сонирхолтой байх гэж бас нэмж хэлмээр байна.
-Б.Ууганбаяр маань аль нутгийн хүү билээ. Гэр бүлээ товч танилцуулаач.
-Би Сэлэнгэ аймгийн төвд төрж өссөн, 1-р арван жилийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд хотод ирсэн. Одоо эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр маань нягтлан бодогч мэргэжилтэй. Бид хөөрхөн охинтой.
-Танайх урлаг, уран сайханчдын удамтай юу?
-Манай аав, ээжийн аль аль талынханд гоё дуулдаг хүмүүс бий. Би ч бас гайгүй дуулдаг шүү /инээв.сурв/. Манай эмээ Архангай аймгийн театрт дуучин байсан. Бас өвөө дуу хөгжмийн багш байсан.
-Анхны алхамаа амжилттай тавьсан залуу уран бүтээлчийн хувьд цаашдын төлөвлөгөө, зорилгууд нь багтаж ядан байгаа болов уу. Энэ жилийн төлөвлөгөө гарсан байх. Ер нь Б.Ууганбаярын хүрэхийг хүсч буй оргил нь хаана байх вэ?
-Би уг нь сая Цагаан сарын сэдэвтэй контентын зохиол бичсэн юм. Ковид-19 зураг авалтыг маань хойшлуулчихлаа л даа. Энэ жил хоёр кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Залуу хүн байна хийгээд л байя, алдаа онооноосоо суралцаад л явъя гэж боддог. Цаашдаа мэргэжлээ дээшлүүлнэ. Найруулагчийн мэргэжлээр суръя гэж бодож байгаа. Ер нь том мөрөөд гэдэг, мэргэжлээрээ зүтгээд л, хийгээд л, миний хүрч чадах тэр цэг хүртэл явна. Би хонины ордын хүн /инээв.сурв/.
-Энэ хүсэл мөрөөдөлдөө хүрэх алхам бүр чинь амжилтаар дүүрэн байг гэж хүсэн ерөөж энэ удаагийн яриагаа энд хүргээд өндөрлөе.
-Танд маш их баярлалаа. Уран бүтээлч бидэнд зөвлөгөө, шүүмжээ харамгүй хайрладаг үзэгчиддээ бас эрүүл энх, амьдралын дээдийг хүсэн ерөөе.
Ярилцсан: Г.Уянга
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn