Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй
Өнөөгийн залуучууд хуучин зах зээл буюу хуучин барааны платформ дээрээс дуртай бараагаа худалдан авч, харин өөрийнхөө илүү гарсан зүйлсийг интернетээр худалдан борлуулдаг. Тэд өөрсдийн амьдралыхаа илүү гарсан эд барааг зарж борлуулаад, хүнснийхээ барааг хүссэнээрээ худалдан авч, хоол хүнсээ хэмнэдэг болжээ. Тэд нүүрстөрөгч багатай амьдрахыг хүсэж, ногоон энерги хуримтлуулан, элсэн цөлд загийн мод тарьж байна. Энэ үеийн залуус ногоон хэрэглээнд улам дуртай болсон байна.
Энэ оны хоёрдугаар сард гаргасан "Хэрэглээний орчныг оновчтой болгох гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2027)"-д "Хэрэглээний шинэ хэв маягийг бий болгохын тулд дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ, эрүүл хэрэглээнд анхаарлаа хандуулах" саналыг дэвшүүлэв. Ногоон хэрэглээ нь нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй, чансаатай хэрэглээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, экологийн соёл иргэншлийн чиг хандлагад нийцэж, олон нийтэд таалагдаж, зах зээлийн асар их боломжийг нээж байна.
Залуучуудын хувьд ногоон хэрэглээ нь хэрэглээний шинэ чиг хандлага болоод байна.
Хэмнэлттэй амьдрахад анхаардаг болсноор хуучин барааны платформын гүйлгээ нэмэгдэж байна
Бээжинд дадлага хийхээр дөнгөж ирсэн коллежийн оюутан Лин гар утсаараа интернет дэлгүүр хэсч байлаа. Шяньюй APP дээр 299 юанийн үнэтэй бараг л шинээрээ байгаа Canon томруулах линз түүний анхаарлыг татав. Тэр коммент хэсгийг уншиж, худалдагчтай наймаалцахад бэлэн болов. Шяньюй бол содон сайхан зүйлсээр дүүрэн цахим худалдааны зах юм. Харин Дуо Жуаюй APP нь түүхийн номын дэлгүүртэй илүү төстэй. Тус коллежийн ахлах ангийн оюутан Жян ирэх жил төгсөлтийн дараах шалгалтанд бэлдэж байгаа бөгөөд Дуо Жуаюй APP-аас хэд хэдэн сурах бичиг худалдаж авав.
Өнөө үед Лин, Жян нар шиг хуучин худалдааны платформ дээр юм худалдан авах дуртай залуус олширч байна. Онлайн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь хуучин платформыг ашиглаж болно гэж хариулсан. Тэдгээрийн бараг 60 хувь нь хуучин платформууд илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгч багатай гэж үздэг.
2024 онд Шяньюйд бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо 600 саяыг давж, 1995, 2000 оноос хойш төрсөн хэрэглэгчид талаас илүү хувийг эзэлж, захиалгын тоо нь өмнөх оны мөн үеэс бараг 50 хувиар нэмэгдэв. Өдөр бүр дөрвөн сая гаруй хуучин бараа бүтээгдэхүүнийг платформ дээр гарган зарж байна. Хуучин барааны гүйлгээний цахим захад залуус зардал багатай бараа олж авах дуртай төдийгүй хуучин бараагаа зарахыг хичээдэг.
Өнөөгийн байдлаар бараа эргэлтийн дэлгүүрүүд хаа сайгүй харагдаж байна. Шяньюй эргэлтийн дэлгүүрүүд Ханжөү, Шанхай, Чэндү, Наньжин зэрэг хотуудад залгаагаар байгуулагдаж, олон нийтийн дэлгүүр, хотын төвийн дэлгүүр, оюутны хотхоны дэлгүүр, тусгай дэлгүүр зэрэг олон төрлийн дэлгүүрийг хамарсан байна.
Хуучин барааг шинэ бараагаар солих бодлого тасралтгүй сайжирч, залуучуудын ногоон хэрэглээний чадавхийг улам идэвхжүүлж байна. 2024 оны сүүлээр Хятадын Худалдааны яам болон бусад таван газар хуучин барааны онлайн гүйлгээг хөгжүүлэх талаар дурдсан "Хуучин барааны эргэлтийн туршилтын ажлын төлөвлөгөө"-г гаргаж, хуучин барааны худалдааны платформыг "Интернет +" загвараар хөгжүүлэхийг дэмжсэн байна.
2024 онд өргөн хэрэглээний барааны хуучнаар шинийг солих бодлогын дагуу холбогдох бүтээгдэхүүний борлуулалт 1.3 их наяд юаниас давж, өргөн хэрэглээний барааны жилийн жижиглэнгийн худалдааны хэмжээг нэг нэгжээс дээш хувиар нэмэгджээ.
Шяньюй зах, Дуожуаюй номын дэлгүүрээс авахуулаад зах зээлийн эрэлт хэрэгцээ, бодлогын дэмжлэгээр Жун-Ай буяны дэлгүүр зэрэг хуучин барааны эргэлт нь улам өргөн хөгжлийн орон зайг нээж байна.
Хэмнэлттэй байснаар ногоон хэрэглээний шинэ зам нээгдлээ
Шяо Сунь хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. 2000-аад оноос хойш төрсөн хотын цагаан захтнууд үргэлж багахан хэмжээтэй ганц хүний хоол захиалдаг. Шяо Сунь илүү шим тэжээлтэй хоол идэхийг хүсдэг.
- Энэ нь зөвхөн хоолны тэнцвэртэй дэглэмд барихаас гадна, гэдэс цадаад нүд цаддаггүй хоол хүнсний үрэлгэн байдлаас сэргийлэхэд тустай гэж Шяо Сунь хэллээ.
Энэ мэт янз бүрийн ногоотой тавагнаас гадна олон платформууд "Сонгино, цагаан гаа, сармисны хослол"-ыг худалдаанд гаргаж, залуу хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна. Эдгээр "жижиг, тансаг" төрөлжсөн хангамжууд нь хотын залуучуудын бүлгүүдэд "хэт их худалдаж аваад бүгдийг нь хаяж үрэх" асуудлыг оновчтой шийдэж чадсан.
2023 оны 06-р сард Зах зээлийн зохицуулалтын газар болон Худалдааны яам, нийтийн хоолны онлайн платформ дээр бага хэмжээтэй хоолыг идэвхтэй сурталчлах удирдамж гаргасан; 2024 оны 11-р сард ХКН-ын Төв Хороо болон Төрийн Зөвлөл "Хүнс хэмнэж, хоол хүнсний үрэлгэн байдлыг хориглох үйл ажиллагааны хөтөлбөр" гаргасан. Бүх шатны захиргаа, аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн хүчин чармайлтын үр дүнд хэрэглэгчид хоол хүнсээ хэмнэх, хоол хүнсний үрэлгэн байдлыг багасгаж байна. Meituan-ийн мэдээллээс харахад 2024 оны 10-р сарын байдлаар платформ дээрх бараг нийтийн хоолны 1.68 сая худалдаачид 9.09 сая гаруй ширхэг бага хэмжээтэй хоол зарсан байна.
Үүний зэрэгцээ залуучууд байгаль орчны талаарх ойлголтыг хэрэглээндээ нэвтрүүлж, хүнсний барааны үйлдвэрлэсэн цаг хугацаа, чанарын баталгааны хүчинтэй хугацаад анхаарлаа хандуулав.
Нүүрстөрөгч багатай үйлийг хуримтлуулан ногоон амьдралыг дэмжихийн тулд технологи ашиглаж байна
Өдгөө гар утсаараа мод тарих нь залуусын хүсэл сонирхол болжээ.
Shaanxi Coal Group Shaanxi Construction Machinery Хувьцаат компанийн залуу ажилтан Лю Шуанмин нь Алипай дахь "Шоргоолжны ой" программын үнэнч хэрэглэгч юм. Энэхүү аппликейшн дээр алхах, метрогоор аялах зэргээр ногоон аяллын оноо цуглуулах боломжтой. Ногоон аяллын оноогоо тодорхой хэмжээгээр хуримтлуулсны дараа хэдхэн товшилтоор Өвөр Монголын Алшаа болон бусад бүс нутгуудад салхи, элснээс сэргийлэх, мод тарих, экологийг сэргээх хүсэлт гаргах боломжтой. Энэ хүсэлт нь амьдралд бодитойгоор хэрэгждэг. 2017 онд Лю Шуанмин нүүрстөрөгч багатай ногоон аяллынхаа оноог хуримтлуулснаар анхны заг модоо тариулжээ. Тэр цагаас хойш нүүрстөрөгч багатай амьдралын тухай ойлголт түүний зүрх сэтгэлд гүн гүнзгий шингэв. 2024 он гэхэд "Шоргоолжны ой" төсөлд 2500 гаруй мод тарьсан түүнийг цахим ертөнцийнхөн "мод тарьдаг аварга" гэж нэрлэдэг болсон юм.
Шоргоолжны ойн сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Ван Шяо-ин зохиолчид хандан:
- Шоргоолжны ойн төслийн хэрэглэгчдийн дийлэнх хувийг 18-25 насны залуучууд эзэлж байна. Үүний цаана залуучууд интернетийн талаар илүү сайн ойлголттой, хэрэглээтэй болсон төдийгүй, залуу үеийнхэн экологи, байгаль орчныг сайжруулахад илүү анхаарал хандуулж, идэвхтэй оролцож буйтай холбоотой юм.
Энэхүү “Технологи+мод тарих” шинэлэг загварын ачаар “Зүүн хойд, умард, баруун хойдын ойн хамгаалалтын гурван бүсэд мод тарих”, “Цагаан хэрмийн ойр хавьд мод тарих” зэрэг үндэсний сайн дурын мод тарих үйл ажиллагаа ч өрнөсөөр байна. Орчин үеийн технологи нь ойжуулалтыг хүчирхэгжүүлдэг. Энэ нь улам олон "ногоон халхавч"-ийг бий болгоод зогсохгүй, байгаль орчныг хамгаалах үзэл баримтлалыг хүмүүсийн зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтрүүлж байна.

Анхуй мужийн Үху хотын Фаньчан дүүргийн Эшань хотхонд ундаг дугай сонирхогчид Ардын спортын цэцэрлэгт хүрээлэнд унадаг дугай унаж дасгал хийж байна.
Гэрэл зургийг: ШЯО БЭНЬШЯН (Ардын сайтын зураг)

Шаньдун мужийн Чиндао хотын Лицан дүүргийн Жиушүй гудамжны Юйжя Шяхэ нийгэмлэгт байрлах Вэйдуожя Аньсинь ресторанд хооллогчид эрэлт хэрэгцээний дагуу өөр өөр хэмжээтэй хоол сонгож байна. Орон нутгийн засаг захиргаа "Соёл иргэншсэн хоолны ширээ" аяныг гүнзгийрүүлж, "Бага хэмжээний хоол, ногоо", "Хагас хэмжээний хоол, ногоо"-г идэвхтэй сурталчилж, ногоон хэрэглээг дэмжиж байна.
Гэрэл зургийг: ЖАН ИН (Ардын сайт)

Чунчин хотын Шапинба дүүргийн Sunac худалдааны төвд нэгэн ажилтан (зүүн талд) гар утасаар дахин боловсруулах роботын хэрэглээг хэрэглэгчдэд танилцуулж байна.
Гэрэл зургийг: СУНЬ КАЙФАН (Ардын сайтын зураг)

Уншигчид Шанхай хотын Янпү дүүрэгт байрлах "Фудань" номын дэлгүүрээс номоо сонгож байна
Гэрэл зургийг: ВАН ЧУ (Ардын сайтын зураг)
Зохиогч: | Нийтлэл: ЛЮ ШАОХУА, ЖАН ЛИКАЙ, ГУАНЬ ШИЮЙ |
Найруулагч: | Ш.ЦОГЗОЛМАА |
Эх сурвалж: | СМТ |