Трамп, Путин хоёр Украинд энх тайван тогтоох уу

13


Владимир Путин Украины дайныг зогсоохын тулд Дональд Трамптай хэлэлцэхэд нээлттэй байгаа хэмээн Кремлийн бодлогыг мэддэг таван эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Гэхдээ тэрбээр газар нутгийн эзэмшлийн томоохон буулт хийхээс татгалзаж, Киевийг НАТО-д нэгдэх хүсэл эрмэлзлээ орхихыг шаардаж байгаа аж.
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трамп сонгуулийн кампанит ажлаа явуулж байхдаа Украины мөргөлдөөнийг хурдан дуусгахаа амласан.  Тэрбээр дайны талбарт оросууд давуу байдалтай байгаа үед Цагаан ордонд эргэн ирж байгаа юм. Москва одоогийн байдлаар Украины газар нутгийн 18 орчим хувийг хяналтдаа авсан. Үүнээс гадна фронт 2022 оны довтолгооны эхэн үеэс хойш үзэгдээгүй хурдтай фронт дээр урагшилж байна.
ОХУ-ын төрийн албан тушаалд ажилладаг мөн ажиллаж байсан таван албан тушаалтан Трампын тавьсан ямар нөхцлийг Ерөнхийлөгч Путин хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл өгчээ. Тэдний хэлснээр Кремль мөргөлдөөнийг фронтын шугам дагуу царцаахад өргөн хүрээнд санал нийлж магадгүй аж. Мөн Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн дөрвөн зүүн бүсийн мужийг хэрхэн хуваах талаар хэлэлцээр хийх орон зай байж магадгүй гэж нэрээ нууцалсан гурван албан тушаалтан хэлжээ.
Москва эдгээр дөрвөн бүс нутгийг бүрэн ОХУ-ын нэг хэсэг гэж үзэж, улсынхаа цөмийн бамбайгаар хамгаалж байгаа. Гэхдээ ОХУ-ын хүчин тэдгээр мужийн газар нутгийн 70-80 хувийг хянаж буй. Харин Украины цэргүүд ойролцоогоор 26,000 хавтгай дөрвөлжин км газрыг барьж байгааг фронтын шугамын нээлттэй мэдээлэл харуулж байна. Тэдгээр эх сурвалжаас хоёр нь Москва Харьков, Николаев бүс нутаг руу нэвтэрсэн жижиг хэсгүүдээс гарахад нээлттэй байж магадгүй гэсэн юм.
Эх сурвалжуудын нэг нь хэлснээр Путин Донецк, Луганск, Запорожье, Херсон зэрэг мужийн ихэнхийг ОХУ авсан нь Украины зүүн бүс дэх Орос хэлээр ярьдаг иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Крымын хойгийг хамгаалсан ялалт хэмээн иргэддээ хэлж гал зогсоох тохиролцоог танилцуулж магадгүй.
Энэ сард Путин ямар ч гал зогсоох хэлэлцээ нь газар дээрх "бодит байдлыг" тусгах ёстой гэж хэлсэн. Гэхдээ тэр богино хугацааны гал зогсоох хэлэлцээр нь барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх боломж олгоно гэж болгоомжилж байгаа аж. 11-р сарын 7-нд Валдай хэлэлцүүлгийн бүлэгт Путин "Хэрэв төвийг сахих байр суурь байхгүй бол ОХУ, Украины хооронд сайн хөршийн харилцаа үүсэхийг төсөөлөхөд хэцүү. Яагаад вэ? Учир нь төвийг сахихгүй бол Украин ОХУ-ын ашиг сонирхолд харшлах буруу гарын багаж хэрэгсэл болж ашиглагдана" хэмээсэн.
Хоёр эх сурвалж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкт үйлдвэрлэсэн ATACMS пуужингаар Украин ОХУ-д гүн цохилт өгөхийг зөвшөөрсөн нь ямар ч тохиролцоог төвөгтэй болгож, Кремлийн шаардлагыг чангатгаж магадгүй гэжээ. Мягмар гарагт /2024.11.19/ Киев анхы удаа тэрхүү пуужинг ашиглан ОХУ-ын газар нутаг руу довтолсон тухай Москва мэдэгдэж, үүнийг нөхцөл байдлыг их хэмжээгээр хурцатгасан явдал гэж шүүмжилсэн юм.
Хэрэв ямар ч гал зогсоох хэлэлцээр хийгдэхгүй бол ОХУ байлдаанаа үргэлжлүүлэх болно гэж тэр хоёр эх сурвалж хэлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ATACMS пуужингаар цохилт өгсөн гэх мэдээ гарахаас хэдхэн цагийн өмнө "Путин мөргөлдөөнийг царцаах ямар ч аргыг хүлээн зөвшөөрөхгүй гэж аль хэдийн хэлсэн. Мөн пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрсөн бол АНУ-ын зүгээс мөргөлдөөнийг маш аюултайгаар хурцатгаж байгаа явдал юм" гэсэн.
Зургийн эх сурвалж: Politico
Трампын ажлын газрын харилцаа холбооны захирал Стивен Чюн “Reuters” агентлагт хэлэхдээ "Энэ мөргөлдөөнийг зогсоож, цус урсаж буйг дуусгахын төлөө энхийн хэлэлцээр хийхэд аль аль талуудыг нэгтгэж чадах цорын ганц хүн бол тэр юм" гэж хэлсэн. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп Путинтэй шууд ярина гэж мэдэгдсэн боловч зөрчлийг яаж арилгах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 1991 онд ЗХУ нуран унасны дараа олж авсан хил хязгаараа эргүүлж автлаа амрахгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Крымын хойгийг ч мөн буцааж авах зорилготой байгаа гэсэн үг. Үүнийг АНУ-ын өндөр албан тушаалтай цэргийн генералууд маш амбицтай зорилго гэж тодорхойлсон. Энэ талаар ОХУ-ын албан тушаалтнууд мэдээлэл өгөхдөө Крымын хойгийн талаар огт хэлэлцэхгүй гэсэн байна.
6-р сарын 14-нд Путин дайныг даруй зогсоохын тулд Украины НАТО-д элсэх хүсэлтээ зогсоож, мөн Донецк, Луганск, Запорожье, Херсон мужаас Украин цэргээ татах ёстой гэж мэдэгдсэн. Эх сурвалжуудын хэлснээр ОХУ нь Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй юм. Гэхдээ ОХУ Киевт ямар нэгэн хэлбэрээр аюулгүй байдлын баталгаа олгохыг хэлэлцэхэд нээлттэй гэжээ. Мөн ОХУ Украиныг зэвсэгт хүчний хэмжээгээ хязгаарлах нөхцөл тавьж магадгүй аж.    
“Reuters” агентлаг тэдгээр эх сурвалжуудаас гал зогсоох тохиролцоо ямар байх талаар асуухад хоёр эх сурвалж нь 2022 оны дөрөвдүгээр сард батлахад маш ойрхон байсан тохиролцоог дурджээ. Тэрхүү тохиролцоог Путин хэлэлцээний үндэс болох боломжтой гэж хэлж байсан.
Тэр хэлэлцээний дагуу бол Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн болох Их Британи, БНХАУ, Франц, ОХУ, АНУ-аас аюулгүй байдлын баталгаа авч, хариуд нь төвийг сахих юм. Орос эх сурвалжуудын нэг нь Украин аюулгүй байдлын баталгаа авахгүй л бол ямар ч тохиролцоонд хүрэхгүй гэжээ.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn