Г.Доржлхагва: Монгол зэрлэг шувуу экспортолдог сүүлчийн орон

89

“Монголын махчин шувуу хамгаалах төв”-ийн захирал Г.Доржлхагватай шонхор шувууг тойрсон асуудлуудын талаар ярилцлаа.
-Шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж олноороо үгүй болж байна. Нүүдлийн шувуу юм чинь заавал манайх гэж өмчлөөд байх шаардлагагүй зэргээр нийгэмд шонхор шувууны талаар яригдаж байна. Энэ тал дээр таны байр суурь?
-Монгол орны шувуудын улаан дансны идлэг шонхрын албан ёсны статус нь хагас нүүдлийн гэж явдаг. Энэ нь тухайн жилийн цасан давхарга, идэш тэжээлийн нөөцөөс хамааран зөвхөн энэ жилийн ангаахай болох залуу шувуу шилжилт хөдөлгөөн хийнэ. Идлэг шонхрын залуу шувууд Төвдийн өндөрлөгийн умард хэсэг болох хятадын умард уулархаг нутгуудаар идэш тэжээл хайн өвөлжинө. Харин үржлийн бие гүйцсэн шонхрууд Монгол орны нутагтаа үлддэг. Тодруулбал, бид хөдөө хээр явж байгаад хоол хүнсгүй боллоо гэж бодъё. Энэ тохиолдолд хүнс тэжээлээ залгуулахын тулд суурин газар бараадахаас аргагүй болно. Идлэг шонхор яг л үүнтэй ижил нэг газраас нөгөөд шилждэг. Ташрамд дурдахад сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр шувуудын нүүдэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагас руу хандах болсонтой холбоотой. Монголд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй шинэ зүйл шувууд жил бүр бүртгэгдэх болсны дотор та бидний хамгийн сайн мэдэх Фламинго байна.
Үүнтэй төстэй бас нэг ташаа ойлголт бол өндөр хүчдэлийн асуудал юм. Идлэг шонхор төдийгүй шилийн сар тэргүүтэй Монгол орны бусад шувууд ч өндөр хүчдэлийн шугамд цохиулж, жилд тодорхойгүй тоогоор цаг бусаар эндэх үзэгдэл XX зууны сүүл үеэс эхлэлтэй. Үүнийг хэсэг бүлэг ашиг сонирхолтой хүмүүс мушгин гуйвуулж, хэдэн мянгаараа хорогдож байхад цөөн тоогоор экспортлох нь хэвийн зүйл, үхүүлж байхаар худалдсан нь дээр гэж олон нийтэд ойлгуулах оролдлого явуулж байна. Энэ чиглэлээр судалгаа хийж буй мэргэжил нэгтнүүдийнхээ ажлыг үгүйсгэж байгаа юм биш. Хамгийн гол нь тэдний хийж буй ажлыг мушгин гуйвуулах байдлаар ташаа мэдээлэл түгээж байна.
-Монгол Улсын хувьд жилд 350 шонхор агнахыг зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч тогтоосон хэмжээнээс илүү гарах тохиолдол цөөнгүй?
-Зөвхөн Монголд шонхор барьдаг мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Монгол Улс 1994 оноос Арабын хойгийн орнууд руу шонхрыг экспортолж эхэлсэн. Тодруулбал, 2012 оны аравдугаар сарын 20-ны өдөр ЗГ-ын 101 тогтоолоор Эзэн богд чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Ц.Оюунгэрэл сайдын тушаалаар Идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, худалдааны зориулалтаар экспортлохыг хориглосон. Энэ хүртэл жилд худалдааны шугамаар гарсан шонхрын тоо толгойг яам мэдээлдэг байсан. Харин соёлын зориулалтаар хэмээн Засгийн газрын нууц тогтоолд шилжсэнээр тоо толгойг мэдэх боломжгүй.
-Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд Монголын нөхцөл байдал ямар байна вэ?
-Хуулийн зохицуулалт бараг байхгүй гэж хэлж болно. Монгол Улсын Амьтны тухай хуулиар зохицуулагддаг. Гэтэл энэ хууль амьтан хамгаалахад зориулагдсан. Тэгэхээр ашиглалт зохицуулах юм байхгүй. Шонхор барих, экспортлох асуудал сүүлд гарч ирсэн. Эрх зүйн орчин нь хөөсөн хивэнд ган хайлуулаад зутгах гэж байгаатай л адилхан байна. Шонхор барих журамд Амьтны тухай хуулийн заалтыг хийгээд амьтны жам ёсны эрхийг ноцтой зөрчсөн заалтууд байна. Жишээ нь, Идлэг шонхор барих журамд Идлэг шонхор шувууг зургаадугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15 хүртэл барих гэдэг нь дөнгөж нисэж сурч эхэлж байгаа эсвэл үүрэн дээрээ байгаа шонхрыг барьж болно гэсэн үг юм. Мөн Амьтны тухай хуулийн 2-ын 23 дээр Монгол ногтруу (Syrrhaptes paradoxus) гуравдугаар сарын 16-наас есдүгээр сарын 1 хүртэл агнахыг хориглодог боловч шонхор баригчдын гол өгөөш нь ногтруу болж сүрэг сүргээрээ хөнөөгдөж байгаа юм. Түүнчлэн, нэг зэрлэг амьтныг барихын тулд өөр нэг зэрлэг амьтнаар золиос хийх нь маш их хохиролтой.
-Олон улсын туршлага ямар байдаг вэ?
-Би Арабын хойгийн гурван оронд ажиллаж, амьдарч байсан. Ингэхдээ шонхор шувуу судлал, лаборатори, шувуучлахуйн өв соёл чиглэлээр судалгаа хийсэн. Олон улсын туршлага гээд байх юм байхгүй. Учир нь, Арабын хойгийн орнууд руу зэрлэг шувуу экспортолдог цорын ганц орон бол Монгол. Өмнө нь бол Египет шувууг зэрлэгээр нь экспортолдог байснаа хориглосон.
Арабын хойгийн орнууд руу Баруун Европын өндөр хөгжилтэй орнууд болох Англи, Испани, Итали, Португал, зүүн Европын зарим орнууд болох Серби, Польш, Унгар гэсэн улсууд шонхор фермийн нөхцөлд үржүүлж, үржүүлсэн шонхроо тодорхой тоогоор, зэрлэг амьтан худалдаалах олон улсын конвенцын зөвшөөрлийн дагуу Арабын орнууд руу үржүүлгийн шувууг худалдаалдаг. Үржүүлгийн шувуу гэдэг байгалиас барьсан шувууныхаа гурав дахь үеэс нь конвенцын дагуу үндэстэн дамнуулан худалдаалахыг зөвшөөрдөг. Европын орнууд Арабын үндсэн зах зээлийг үржүүлгийн шувуугаар хангадаг. Мөн сүүлийн үед зүүн азийн Казахстан, Узбекистан, Киргикстан гэсэн орнууд шонхор үржүүлгийн төв барьж амжилттай төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Сибирийн цагаан шонхрыг Оросууд үржүүлдэг. Би Оросын фермүүдээр нь 2016 онд туршлага судалсан. Дэлхийн шонхор худалдаалдаг туршлага гэвэл ферм, зэрлэг амьтан худалдаалах олон улсын конвенцын зөвшөөрлийн бичгээр л шувуу худалдаалдаг. Тэгэхээр Монгол Улс шувуу зэрлэгээр худалдаалдаг сүүлийн орон юм.
-Нэг шонхрын үнэлгээ 20.8 сая төгрөгийн үнэтэй гэж тооцоолсон байна. Энэ үнэн дүн бодитой юу. Үржүүлгийн шонхрын үнэ хэд байдаг вэ?
-Манай улс анх 16 сая төгрөгөөр идлэг шонхрын эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Харин хоёр жилийн өмнөөс судалгааны үндсэн дээр 20.8 сая төгрөг гэж үнийн дүнгээр тогтсон. Үнэлгээг нь бодитой гаргасан. Үржүүлгийн шувууны үнэ 2500 доллароос эхлээд дээшээ үнэ нь хязгааргүй. Хамгийн дээд талдаа миний санаж байгаагаар Саудын Арабд 487 мянган доллар тэрбум гаруй төгрөгөөр Канадын үржүүлгийн шонхор зарагдсан. Үнэлгээг харьцуулах арга байхгүй. Монголын зэрлэг шувуу Арабын зах зээл дээр хамгийн үнэтэй зарагддаг гэж ойлгож болно.
-Ер нь шонхрыг экспортлох зөв үү, буруу юу?
-Шонхрын экспортыг дэлхий нийтээр хориглосон. Зөвхөн фермийн нөхцөл бүрдүүлж, худалдаалахыг зэрлэг амьтан худалдаалах олон улсын конвенцоор зохицуулдаг. Тэр конвенцод Монгол Улс нэгдэн орсон. Гэтэл улс төрийн, дипломат харилцааны үндсэн дээр Арабын хойгийн орнуудад МУ-ын Засгийн газрын соёлын зориулалтаар экспортолдог. Улс орны эрх ашигтай холбоотой асуудал яригдаж байгаа болохоор зөв, буруу гэж тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ үүнийгээ хууль эрх зүйн хувьд илүү нарийвчлалтай болгох шаардлагатай. Улс ямартай ч зөвшөөрсөн. Арабын Шах бас зөвшөөрсөн. Үүргээ бас биелүүлсэн. Гэтэл хуулийн зохицуулалт нь доод шатандаа дутмаг байгаа учир асуудлууд үүсээд байна. Илүү нарийн зохион байгуулалттай болгож, чангаруулах хэрэгтэй байна. Тухайлбал,
Нэгд, шонхор барихдаа шинжлэх ухааны үндэслэлтэй байх хэрэгтэй. Махчин шувууг барих талаар хууль тогтоомжид байхгүй. Арабын шонхор баригч нарын анд сургах гэж байгаа шонхроо барихад ашигласаар ирсэн уламжлалт аргаар л одоо барьж байна. Энэ бол нэлээд хоцрогдсон, байгаль орчинд маш хор нөлөөтэй, бусад зэрэгцэн амьдарч буй амьдарч буй амьтдын жам ёсны эрхийг нь зөрчих хэмжээний арга зам юм. Олон улсад электрон хавхнаас эхлээд амьтанд болоод хүрээлэн буй орчиндоо хор нөлөөтэй багатай олон төрлийн аргийг хэрэглэдэг. Арабууд ч мөн адил байгальд ээлтэй аргаар шувуу барьдаг. Харилцан эрх ашгаа хамгаалсан заалт оруулах хэрэгтэй.
Хоёрт, шонхортой холбоотой хуулийн хэрэгжилт 20 хүрэхгүй хувьтай. Байгалийн нөөц ашигласны 50-иас доошгүй хувийг тухайн нөөцөөс олсон амьтанд нь зарцуулна. Үлдсэн 50 хувийг нь тухайн орон нутагтаа зарцуулна гэж заасан. Гэвч орон нутгийнхан шувуу хамгаалалд хангалттай анхаарал тавьж, төсвийг нь зарцуулахгүй байна. Тиймээс орон нутагт даатгах биш яам өөрөө зохицуулах эсвэл хатуу хяналт тавих хэрэгтэй байна.
Гуравт, энэ жил 300 гаруй шонхрыг соёлын зориулалтаар Арабын орнууд руу гаргахаар болжээ. Өмнө жилийн тооцоололд тулгуурлан гаргахад 2000 гаруй Арабын иргэн ирсэн байгаа байх.  Дээрээс нь энэ зуншлага сайхан байгаатай холбоотой гантай газрууд руу мэрэгч амьтны нягтаршлыг дагаад шонхрууд шилжсэн. Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Завхан, Говь-Алтай аймгуудаар шонхор бөөгнөрсөн байдалтай байна. Үүнийгээ дагаад Арабуудын бөөгнөрөл үүссэн. Үүнээс болоод Арабын шонхор баригч нар болон нутгийн иргэдийн хооронд хурцадмал асуудал үүсээд байна. Тэгэхээр жилд 200 тоотой шонхор экспортолно гэвэл үүнтэй дүйцэх албан ёсны баригч нарын тоог гаргах хэрэгтэй. Албан бусаар бол Араб залуус Монголд ирж нэг шонхор баривал амьдралаа өөрчилнө гэж ирдэг. Үүнийг нэн яаралтай БОАЖЯ-наас журам гаргах хэрэгтэй. Хүмүүс, машин, группийн тоог хязгаарлах, багасгах арга хэмжээ авбал шонхор барихад асуудал үүсэхгүй.
 -Ярилцсанд баярлалаа.

https://itoim.mn/a/2024/08/23/interview/dty?d3e8a05e09b9eacf507177270bf3f49d
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn