Мал, малчдад тусламж хүргэхэд туулах чадвартай машин, техникүүд л дутагдаж байна

0

Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн сүүлд мэдээлснээр таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа гэсэн билээ. Баруун аймгийн нутгуудаас эхэлж төвийн аймгуудаар дамжиж зүүн аймгийг чиглэсэн фён буюу хуурай, ширүүн салхи өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар салхилав. Зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн хувьд энэ удаагийн хүчтэй салхи цасыг дагтаршуулж, зудархуу байгаа аймаг, сумдыг шилэн зудад шилжүүлсэн хүнд нөхцөл байдал бий болгосныг орон нутгийнхан ярьж байна.
Хүчтэй цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж, Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн хөдөлгөөнийг бямба гаригийн 18:00 цагаас эхлэн түр зогсоосон. 17 цагийн дараа буюу өчигдөр 11:00 цагт Улаанбаатараас Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг руу чиглэсэн замыг нээв.
Мөн энэ үеэр буюу бямба гаригт гэхэд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, БаянӨлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан,  Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг есөн аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага иржээ. Дуудлагын дагуу  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж,  Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт гурван  иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлж байна. Фён салхины нөлөөгөөр нийслэлийг тойрсон дүүргүүд, орон нутагт хөдөлгөөн хязгаарлагдаж, онцгой байдлын албан хаагчид 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Зудын нөхцөл байдлаас үүдэж малын хорогдол энэ жил хамгийн өндөр байгаа мэдээллийг албаныхан өгч байгаа. Сүүлийн байдлаар малын хорогдол 670 мянгад хүрээд байгаа аж.
Цас зуд хүнд байгаа энэ үед малчид, иргэд төөрөх, эрсдэх нөхцөл байдал учирсаар байгаа юм. Баян Өлгий аймгийн Дэлүүн суманд  энэ сарын 12нд уулын цасны нурангид хоёр иргэн дарагдсан. Нэг нь амьд гарч чадсан ч нөгөө иргэнийг нь тав хоногийн турш эрэн хайх ажиллагаа үргэлжилж бямба гаригт дөрвөн метрийн гүнээс олжээ.
Өвөлжилтийн нөхцөл байдал болон фён салхи орон нутагт хэрхэн нөлөөлснийг тодрууллаа.
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд: Эмнэлгийн тусламжийн УАЗ-469, ПУРГОН машинууд явж чадахгүй байна
Манай аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Нийт 19 сумын 90 гаруй хувьд нь зудын байдалтай гэдэг эрсдэлийн үнэлгээ гарсан. Шинийн 2ноос эхлээд цаг агаар муудаж, хоёр удаа ойр, ойрхон цас орчихлоо. Ноцтой нь 1820 см хүртэл нэмэгдэж орлоо. Дээрээс нь хүчтэй шуураад цас улам нягтарч хатуураад мал бэлчээрлэх ямар ч боломжгүйд хүргэчихээд байна. Өнгөрсөн хугацаанд хоёр үе шаттайгаар улсын нөөцийн хуваарилалт хийж, сумуудад, малчдад өгөөд дуусч байна. Сар шинийн баярын дараа аймгийн нөөцөө задлаад зудын эрсдэлтэй байгаа сумуудад түлхүү хуваарилж байна. Маргаашаас /өнөөдөр/ эхлээд бүх сумд руу өвс, тэжээл түгээгдэж эхэлнэ. Өнөөдөр /өчигдөр/ Сагил суманд ажиллаад ирлээ. Увс аймгийн хэмжээнд хамгийн их цасан бүрхүүлтэй, хоёр удаагийн их хэмжээний цас орсон сум. Хөдөө битгий хэл сумын төвөөр машинтай явахад хэцүү байна.
Аймаг, сумын зүгээс зам гаргах ажилд голлон анхаарч байна. Тулгамдаж байгаа гол асуудал бол туулах чадвар сайтай техник хэрэгсэл л байна. Байгаа цөөн тооны машинаа ээлж дараалан зам чөлөөлж байгаа ч давтамжтай орж байгаа цас эргээд л зам хаачихаж байна. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа. УОК оос аймаг, сумын нөөцийг нэн даруй малчдын хотонд хүргэх чиглэл өгсөн. Үүний дагуу онцгой байдал, хилийн цэргийн ангийн туулах чадвар сайтай машин ашиглаад зам гаргаад өвс тэжээлээ түгээж эхэлнэ. Эмнэлгийн тусламжийн УАЗ469, пургон машинууд явж чадахгүй байна. Цаашдаа эмнэлгийн тусламжийн машиныг туулах чадвар сайтай техникээр солих шаардлагатай юм байна.
Зам хаагдчихаар бүх зүйл зогсчихож байгаа юм. Малчид өвс тэжээлээ татаж чадахгүй. Малаа тэжээж чадахгүй. Саахалт айл битгий хэл хажуу айлд хүрч очиж, холбогдож чадахгүй байна. Фён салхи 16, 17ны өдрүүдэд салхилсан. Ингэхдээ хөвсгөр байсан цасыг улам дагтаршуулчихдаг юм байна. Тэгэхээр мал бэлчээрлэх боломжгүй болж байна.
Аймгийн хувьд малын хорогдол их. Нэгдүгээр сард гэхэд л 23 мянган толгой мал хорогдсон. Энэ сард энэ тоо улам ч нэмэгдэнэ. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд гэхэд нэг айл 100 гаруй малаа алдаж байна. Ялангуяа өнгөрсөн жилийн төл малууд энэ хаврыг давахгүй шинжтэй.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Малын хорогдол 260 мянгад хүрээд байна 
Өнгөрсөн амралтын өдрийн шуурга Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрийг дайран өнгөрлөө. Манай 13 сум тэр чигээрээ мөсөн зудтай, хамгийн хүнд байгаа аймаг. Бид хэдийгээр сумууд руугаа өдөр шөнөгүй зам гаргаж байгаа ч өдөртөө шуураад л хаагдчихаж байна. Ингэхээр сумын төвөөс малчид руу явж очих боломжгүй. Байнгын шуургатай байгаа учраас зам харгуй гэж маш хүнд.
Аймгийн нөөцөөс 700 сая төгрөгөөр 60 мянган боодол өвс худалдаж авсан. 20 мянгыг нь малчдад тараачихсан. Үлдсэн 40 мянган боодлыг тараахаар ажиллаж эхлээд байна. Зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн хувьд тулгамдаж байгаа ганц асуудал бол туулах чадвар сайтай машин тэрэг, ковш байна.
Яахав, азаар хүний эрүүл мэнд эрсдээгүй өнөөдөртөө золгож байна. Манай аймгийн нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь үүрэн холбооны сүлжээтэй учраас айлуудтайгаа холбогдсоор байгаа. Маргааш /өнөөдөр/ аймгийн Онцгой комисс хуралдана. Очиж чадахгүй байгаа айлуудад яаж очих талаар арга зам эрэлхийлж, зохион байгуулна. Олон нийтийн байгууллага, иргэдээс хандив дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бид гурван ч төсөлтэй хамтраад зургаан сумын 600 гаруй айлд хүнсний болон бусад дэмжлэг үзүүлж эхэлсэн. Нэг айлд 500660 мянган төгрөгийн дэмжлэг өгч байна. Малын хороглол сүүлийн үед огцом өссөн. Яг одоогоор малын хорогдол 260 мянгад хүрээд байгаа урьдчилсан мэдээтэй гэв.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон салбарын бусад сайд нарын хамт өчигдөр УОКын Шуурхай штабт ажиллаж, Засгийн газрын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгийн гишүүдтэй уулзсан байна. Шуурхай бүлгүүдийг сайд нар ахлан ажиллаж байгаа бөгөөд малчдад шаардлагатай өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутагт зам харгуй гаргах зэрэг ажил хийгдэж байгааг мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn