Баян Баргын бахархалт наадам

176

Ямар гоё, ямар үзэсгэлэнтэй вэ баян Барга гэж үнэхээр нэр нидэртээ тэнцсэн сайхан нутаг авьяслаг ард байна гэж Шань Дүнгийн “Жиньчяо” сэтгүүлийн сэтгүүлч Гүн Шиньшуай босон зогсож нүд цавчилгүй наадмыг сонирхоно.


Нарны илч газар ивээсэн сайхан өглөө, цэнгэг агаар цээж цэлмээж, наадамчин олны хөл хөдөлгөөний чимээгээр “Шинэ зууны Хятадын зураглал, Хөлөнбуйр дахь аялал” Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны хамгийн сүүлчийн өртөө болох “Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын хоёрдугаар наадам, Шинэ Барга баруун хошууны “Хөдөө тосгоны зуны найр”-ын үзүүлбэр, Үхэрт хүйтний өлгий нутгийн наадам”-ын талбайд 07-р сарын 17-ны өдрийн үдээс өмнө хүрч сурвалжлагын аянаа амжилттай өндөрлүүллээ.


Таван хошуу мал нь талын чимэг

Дээл бүсэн гоёл нь эзнийхээ чимэг

“Үхэрт хүйтэн” уртын дуу нь

Үүх түүхийг хүүрнэнэ

Өлгий нутгаа дуулна

Адуу давхилдсан тал “Түмэн агтын төвөргөөн”

Түмэн олны сэтгэлийг хөгсөөж

Дэлгэр зуны Баргын талд

Дэндүү сайхан наадам болов ?


Малчид, тариачдын соёлын амьдралыг баяжуулж, соёл, аялал жуулчлалын үйлсийг дэмжиж, шинэ цаг үеийн хөдөө тосгоныг хөгжүүлэх зорилготой зохион байгуулсан Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын хоёрдугаар наадам, Шинэ Барга баруун хошууны “Хөдөө тосгоны зуны найр”-ын үзүүлбэр - Үхэрт хүйтний өлгий нутгийн наадам, Хятадын хөдөө тосгоны найрын зуун шянь холбоот ажиллагааны нээлтийн ёслол Шинэ Барга баруун хошууны наадмын талбайд боллоо.


Улс орон, хот, хошууны холбогдох дарга удирдлага, малчид, тариачид болон Хятадын олон газар орноос ирсэн наадамчид найрын хоймрыг пиг дүүртэл сууж, уран сайхны тоглолт, бөхийн барилдаан, адуу уургалах, түнх харвах, сээр шаах, биет бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг наадгайнууд наадамчид, жуулчдад тал нутгийн ард түмний баялаг соёлын амьдралыг таниулж чадсан байна. Түүнчлэн соёл, аялал жуулчлалыг уусгаж, хөдөө тосгоныг хөгжүүлэх шинэ арга барилыг тусгаж чадсанаар барахгүй дэнж хотолзтол дэвээ бөхчүүд, адууны тоосонд хийморио сэргээсэн уяачид, эрхийн эрдэм долооврын домыг үзүүлсэн харваачид нь онцгойлон гадна газар орноос ирсэн охид бүсгүйчүүдийн харцыг булааж, зүрх сэтгэлийг нь соронздож байлаа. Басхүү уран сайхны тоглолтын Хөлөнбуйрын үндэстэн ястны эрхэмсэг хээнцэр хувцас загварын үзүүлбэр наадамчдын сэтгэлийг баясган, нүдийг хужирлаж байсныг онцлох нь зөв биз ээ. Барга ардын “Зээрэнхий бөөрөнхий” бүжиг, “Түмэн агтын төвөргөөн” морин хуурын эгшиг, бүх үндэстний эв нэгдлийг харуулсан “Хятадын үндэстэн нэг гэр бүл” дуу бүжиг, “Хөлөнбуйрын тал нутаг” зэрэг тоглолтууд үзэгч олны сэтгэлийг хөгсөөж, догдолсон олон тогтож ядан үе үе уухайлан хөөрөлдөж байлаа.



Хармөрөн мужаас ирсэн сэтгүүлч Чи Жин:

- Би уг нь тал нутгийн наадмыг телевиз, эсвэл сайтаас хардаг байсан.Энэ удаа өөрийн биеэр ирж энэхүү өв тэгш цуглаанд оролцсондоо маш их олзуурхаж байна. Бөхчүүд, харваачид, уяачидтай ойр зайд ярилцсандаа үнэхээр их догдолсон. Энд ирээд тал нутагт олон үндэстэн ястан зэрэгцэн оршин амьдарч байгааг мэдсэн, тэр дундаа Хятадын бүх үндэстэн анарын үр мэт нягтран нэгдэж байгаа байдлыг олж харлаа гэж сэтгүүлчид ярьсан юм.


Энэ үйл ажиллагаа нь 07-р сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл үргэлжилж, Хятадын хөдөө тосгоны найрын зуун шяний холбоот ажиллагааны туршлага солилцох хурал, мэргэжилтний хичээл, тал нутгийн экологи, соёл, аялал жуулчлалын төрөл зүйлийн бүтээн байгуулалтын үр бүтээмжийг сонирхон үзэх, Улаанмөчирийн уран сайхны тоглолт зэрэг үйл ажиллагаа явагдав.


Энэхүү утга учиртай сайхан үйл ажиллагааг Хятадын Соёл, аялал жуулчлалын яам голлон эрхэлж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёл, аялал жуулчлалын тэнхим, Хөлөнбуйр хотын засгийн газар зэрэг байгууллага нэгжүүд харилцан эрхэлж, Хятадын соёлын ордны нийгэмлэг, Хятадын хөдөө тосгоны Цагаан сарын үдэшлэгийн зуун шяний холбоот зохион байгуулах зөвлөл, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёлын ордон, Хөлөнбуйр хотын Соёл, аялал жуулчлалын товчоо, Шинэ Барга баруун хошууны Намын хороо, засийн газар, Шинэ Барга баруун хошууны Соёл, аялал жуулчлал спортын товчоо, Шинэ Барга баруун хошууны Соёлын ордон зэрэг холбогдох байгууллага нэгжүүд гардан эрхэлснийг энд онцлон дурдая.



Шинэ Барга баруун хошуу нь Хятад, Орос, Монгол гурван улсын хилийн зааг дээр оршдог. ӨМӨЗО-ны хилийн 19 хошуу (хот), 33 мал аж ахуйн хошууны нэг юм. Хөлөнбуйр хотын баруун өмнөд хэсэгт оршиж, зүүн хойд хэсгээрээ Хятадын хамгийн том эх газрын боомт хот болох Манжууртай хөршилж байдаг. Умард, баруун, өмнөд хэсгээрээ Монгол Улс ба ОХУ-тай хиллэдэг. Нийт талбай 25.2 мянган тэгш дөрвөлжин км, хилийн урт нь 515.4 км, үүнд Хятад, Оросын хилийн урт нь 48 км бол Хятад, Монголын хилийн урт нь 467.4 км байж, Хятад, Монгол, Хотон, Манж, Дархан, Орчон, Эвенк зэрэг 14 үндэстэн эв нэгдэлтэй аж төрж байгаа юм.


Өн шимлэг өргөн уудам газар нутагтай Баргачуудын тал нутаг бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 6 тал нутгийн нэг. Хөлөнбуйрын тал нутгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үр ашигтай бэлчээр 349. 6 мянган га нутаг юм. Тус нутагт Хөлөн нуур, Буйр нуур гэх сайхан хоёр нуур бий. Сүүлийн жилүүдэд тус хошуу чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтын хүрээнд мал аж ахуйг тогтворжуулах, аж үйлдвэрээр хошуугаа хүчирхэгжүүлэх, аялал жуулчлалаар хошуугаа хөгжүүлэх стратегийг баримталж, экологийн бүтээн байгуулалт болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг эе зохицонгуй байлгаж, хил хязгаарын цөөн тоот үндэстний газар орны эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшилт, үндэстний эв нэгдэл, хил хязгаар орны амар тайван, тогтвортой байдлыг хангаж байгаа юм.


Номин ногоон тал нутагтаа хөгжлийн оройг босгосон нутаг ус, дуугаар баян дэлхий дуучнаар баян өлгий - Баян Баргын нутаг маань түмэн агтын төвөргөөнийг санагдуулж, уртын дууны хөг аялгуу хөдөө талын цэнхэр зэрэглээ шигээ уран аядуу уяхан яруухан. Харсан бүхний урам сэргэж, үзсэн бүхний цог жавхаа сэргэн, хуран цугларсан олон үндэстний хүн ардын сэтгэлийг баясгаж, хамтын хүсэл хайрын тэмүүлэл болж цалгилна. Алтаар сольшгүй ариун тансаг газар шороо баян Баргын сайхан нутаг маань хэзээд элбэг хангалтай байнам...





Нийтлэл: ЖИНЬ ШАНЬ, ХАН ХУНШЯ, ХӨҮ РҮЙ
Зургийг: ХӨҮ РҮЙЭ.ТЭРГҮҮНскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn