ТАСС: Тахал тээсэн тарвага Монголоос Орос руу нүүдэллэж байна
Тарваган тахлын халдвартай тарваганууд Монголоос Тува улс руу нүүдэллэж байгаа нь ажиглагдсан, энэ нь ихээхэн санаа зовнихуйц асуудал гэж Оросын Холбооны зөвлөл дэх Тувагийн төлөөлөгч Людмила Нарусова мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. Тахалтай тарвагануудын асуудлыг Украин дахь АНУ-ын биолабораториудын тухай тайланг Холбооны зөвлөлөөр хэлэлцэх үеэр хөндсөн байна.
"Биологийн зэвсгээс өөр аюул учруулахуйц зүйлс ч байна. Тухайлбал, тахлын халдвартай тарвага Тува руу Монголоос олноор нүүдэллэж байна. Энэ нь зориудын зэвсэг үү эсвэл байгалийн халдвар уу гэдгийг би батлахгүй, гэхдээ үүнийг илрүүлэх лаборатори алга" хэмээн Людмила Нарусова мэдэгджээ.