Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна
“Автомашингүй өдөр” хүүхдүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болоод удаж байна. Хүүхдүүд ч гэлтгүй томчууд ч энэ өдрийг хүлээж, гэр бүлээрээ хотын гудмаараа айх аюулгүй, зугаатай, зугаалах өдөр болгожээ. Автомашингүй гудамж, хүмүүст, хүүхэд багачуудад ямар их эрх чөлөөг өгч байгааг хүүхдүүдийн доорх ярианаас мэдэж болно. Автомашингүй өдөр хүүхдүүд өөрийн сонирхолын дагуу дуртай зүйлээ хийж, дуртай спортоороо наадаж, том талбайд дураараа гүйж, харайж, зүггүйтэж, нүд нь аз жаргалаар дүүрэн байна.
Хотын гудамжаар зугаалж буй иргэд…
“Сэтгэгдэл маш өндөр байна. Өмнөх автомашингүй өдөр бороотой, хүйтэн байсан. Энэ удаагийн автомашингүй өдөр гоё байна. Рольк унадаг хүүхдүүдэд зориулсан талбай байдаггүй. Тиймээс “Автомашингүй өдөр” чөлөөтэй явах боломжтой болдог. Хаанаас, ямар машин гарч ирэх бол гэж санаа зовохгүй, айдас байхгүй, аюулгүй байдаг нь таатай”
“Энэ удаагийн “Автомашингүй өдөр” их сайхан өнгөрч байна. Ийм өдрийг дулааны улиралд жилдээ 2-3 удаа зохиовол гоё байх. Өмнөх “Автомашингүй өдөр” бороо орсон бол өнөөдөр цаг агаар сайхан байна”
“Намайг залуу байхад машин бараг байхгүй, гудамжаар алхахад зовлонгүй байсан. Ямартай ч “Автомашингүй өдөр”-т оролцож буй олон залуус хүүхдүүдээ салхилуулж байгаа нь сайхан байна. Өмнө нь машингүй цөөн хэдэн гудамж байсан ч одоо бараг байхгүй болсон. Уг нь автомашингүй гудамж их байвал сайн”
“Манай гэр бүл “Автомашингүй өдөр”-ийг тэсэн ядан хүлээдэг учир тус өдөрт оролцож байна. Сэтгэл хангалуун байна. Ийм гоё өдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлнэ гэж бодож байгаа. Хүүхдүүдээ чөлөөтэй тоглуулах сайхан байна”
“Автомашингүй өдөр ёстой гоё байна. Сая шохойгоор мөрөөдлийн хотоо зурах тэмцээнд оролцоод явж байна. Тэмцээнээр Сүхбаатарын талбай, солонго, нар, уул гээд бараг бүх юмыг зурсан. Дугуйгаа унаад чөлөөтэй явах гоё байна. Орой болтол гэр бүлээрээ дугуй унана. Тэгээд гэртээ хариад маргаашийн хичээлдээ бэлдэнэ”
“Миний хувьд өмнө нь “Автомашингүй өдөр”-т оролцож байгаагүй. Найзуудтайгаа том талбайтай газар тоглох гоё байна. Өнөөдөр орой хүртэл тоглож, дугуй унаж, энэ хавиар сахилгагүйтнэ” хэмээн ярилаа.
Улаанбаатар хот “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд цаг агаар онцгой сайхан өдөр таарсанд иргэд баяртай байлаа. Энэ өдөр хотын төв замуудыг хаасан тул нийтийн тээврийн 39 чиглэлд, томоохон 19 зах худалдааны төвийг цагийн хуваарьт өөрчлөлт орсон юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР