Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

7
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн нөхцөлийг хөнгөвчлөх зохицуулалт хийхээр болсон. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын захирал Б.Амгалангаас тодрууллаа.
-Сүүлийн үед иргэдийн хэрэглээний зээл өндөр байгаа талаар их ярих болсон. Үүнээс шалтгаалан зээлээ эргэн төлөх чадваргүй болох, улмаар зээлийн дарамтад орох эрсдэл нэмэгдэж байна. Энэ асуудалд Төв банкнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд Мөнгөний бодлогын хороо хуралдаж, макро зохистой бодлогын шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын хороо жилд хоёр удаа хуралдаж, макро зохистой бодлогын асуудлыг хэлэлцдэг. Энэ үеэр банкны салбарт хуримтлагдаж буй эрсдэлүүд болон цаашид эдгээр эрсдэл нэмэгдэх эсэхэд үнэлгээ хийдэг. Энэ удаагийн хурлаар голлон хэлэлцсэн асуудал нь хэрэглээний зээл байлаа. Сүүлийн жилүүдэд хэрэглээний зээлийн өсөлт нэлээд өндөр байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар өсөлт нь 5.2 хувь болж буурсан. Тухайлбал, 2023, 2024 онд жилд 40 гаруй хувиар өсөж байсан хэрэглээний зээлийн өсөлт саарсан нь Монголбанкнаас хэрэгжүүлсэн өр, орлогын харьцааны зохицуулалттай холбоотой.
-Өр, орлогын харьцааны хязгаарлалтыг ямар үндэслэлээр, ямар нөхцөлд тогтоодог вэ?
-Мөнгөний бодлогын хороо энэ оны нэгдүгээр сард өр, орлогын харьцааны хязгаарыг 45 хувь болгож бууруулсан. Тухайлбал, өр, орлогын харьцаа 45 хувь байна гэдэг нь иргэн зээл авахдаа сарын зээлийн төлбөрөө нийт орлогынхоо 45 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн үг.  Ингэснээр үлдсэн 55 хувь нь иргэн, өрхийн амьжиргааны үндсэн зардалд зориулагдах боломжтой. Одоогийн нөхцөлд 45 хувийг зохистой хэмжээ гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд энэ хязгаар 70 хувь байсан бөгөөд бид үе шаттайгаар бууруулж ирсэн. Учир нь хэрэглээний зээлийн өсөлт огцом нэмэгдэх хандлага ажиглагдаж байсан. Мөн зээлийн хугацаанд хязгаарлалт бий. Цалингийн зээлийн хугацаа 30 сараас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэн цалингийн зээл авахдаа сарын орлогынхоо 45 хүртэлх хувийг зээлийн төлбөрт зарцуулж, зээлээ 30 сарын хугацаанд төлөх нөхцөлтэй юм.
-Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн хугацааг 48 сар болгосон гэж байна. Энэ нь иргэдэд ямар боломж олгож байгаа вэ?
-Хэрэглээний зээлийн 30 сарын хугацааны хязгаар шинээр олгох зээлээс гадна зээлийн хугацааг сунгах тохиолдолд мөн үйлчилдэг. Иймд зээлээ хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон зээлдэгчийн хувьд банк зээлийн нөхцөлийг өөрчлөх эрхтэй хэдий ч бүтцийн өөрчлөлтийг зээлийн үлдсэн хугацааны хүрээнд хийх шаардлагатай. Тухайлбал, 30 сарын хугацаатай зээлийн 20 сарыг төлсөн зээлдэгчийн хувьд үлдэгдлийг үлдсэн 10 сарын хугацаанд дахин хуваарилах тул сарын төлбөр буурахгүй, зарим тохиолдолд нэмэгдэх нөхцөл үүсдэг. Ийм нөхцөлд бүтцийн өөрчлөлт нь төлбөрийн хүндрэлд орсон зээлдэгчид бодит дэмжлэг болж чадахгүй.
Үүнийг харгалзан Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа төлбөрийн хүндрэлд орсон иргэний хэрэглээний зээлийг нэмэлт зээл олгохгүй, үлдэгдлийг нэмэгдүүлэхгүйгээр 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нээж, ийм зээлд 45 хувийн хязгаарыг хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ 48 сарын хугацаа нь зээлийн өмнө төлөгдсөн хугацааг оролцуулахгүйгээр бүтцийн өөрчлөлт хийсэн өдрөөс шинээр тоологдоно. Тухайлбал, 30 сарын хугацаатай зээлийн 20 сарыг төлсөн зээлдэгчийн үлдэгдлийг үлдсэн 10 сар биш, 48 сар хүртэлх хугацаанд хуваан төлөх боломжтой болно. Иргэнд олгож буй боломж нь сарын төлбөрийн дарамт буурах явдал юм. Зээлийн үлдэгдлийг 48 сар хүртэлх хугацаанд хуваан төлөх тул сарын төлбөр мэдэгдэхүйц буурч, иргэний сарын орлогод зээлийн төлбөрийн эзлэх хувь багасна. Ингэснээр иргэн зээлээ хуваарийн дагуу тасралтгүй төлж, хугацаа хэтрүүлэн чанаргүй ангилалд орохоос сэргийлэх, зээлээ төлж дуусгах бодит боломжтой болно.
Энэ нь өрийн хөнгөлөлт биш юм. Сунгасан хугацааны туршид зээлийн үндсэн төлбөр, хүүг бүрэн төлөх ёстой хэвээр байна. Хугацаа уртассанаар нийт төлөх хүүгийн хэмжээ нэмэгдэх тул иргэд үүнийг анхаарах нь зүйтэй.
-Тэгэхээр Төв банкнаас иргэдийн зээлийн эргэн төлөлтийн нөхцөлд анхаарч, зээлээ төлөх боломжийг нь харгалзан зохицуулалт хийж байгаа юм байна. Харин иргэд хэрэглээний зээл авахдаа юунд анхаарах шаардлагатай вэ? Энэ талаар мэдээллийн төгсгөлд тодруулъя.
-Бидний анхаарч байгаа нэг чухал асуудал бол санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагуудын бодлогын уялдаа юм. Монголбанк банкны салбарыг, харин Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагуудыг зохицуулдаг. Гэтэл өр, орлогын харьцааны хязгаар банкны салбарт 45 хувь, банк бус санхүүгийн байгууллагын салбарт 55 хувь байгаа нь 10 нэгж хувийн зөрүүтэй байна. Тиймээс эдгээр зохицуулалтыг аль болох уялдуулж, нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэснээр иргэд олон байгууллагаас давхар зээл авах эрсдэлийг бууруулах боломжтой. Дараагийн нэг анхаарах асуудал бол нэг өдрийн дотор олгогдож буй зээлийн хэмжээ юм. Тухайлбал, иргэдийн аппликейшнээр дамжуулан авч буй зээлийн хэмжээ бодож байснаас төдийлөн буурахгүй байна. Нэг өдрийн дотор олгогдож буй зээлийн үлдэгдэл ойролцоогоор 1.1 их наяд төгрөг байна. Мөн 42 мянган зээлдэгч нэг өдрийн дотор зээл авсан гэсэн бодит статистик мэдээлэл бий.
Түүнчлэн энэ оны есдүгээр сарын байдлаар банк болон банк бус санхүүгийн байгууллагаас давхар зээл авсан 531 мянган зээлдэгч байна. Банкны салбар дахь ийм зээлийн үлдэгдэл 14.5 их наяд төгрөгт хүрсэн. Иргэд давхар зээл авах нэг шалтгаан нь хэрэглээний зардал өндөр байгаатай холбоотой. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа богино учраас өмнөх зээлээ төлөхийн тулд өөр байгууллагаас дахин зээл авах нөхцөл үүсэж байна. Тиймээс санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагуудын бодлого, зохицуулалтыг уялдуулж, нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn