Сайдын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа

Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/654 дугаар тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Сайдын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.08.08/ анхны хуралдаанаа хийлээ. Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинжлэх ухаанч хандах үүднээс сайдын зөвлөлийн гишүүдийг эрдэмтдээр бүрдүүлсэн. Сайдын зөвлөлд багтсан гишүүдийг төсвөөс цалинжуулахгүй, төрөөс олгогдох хангамж, дэмжлэгт хамруулахгүй. Гэсэн ч салбарын бодлогод хувь нэмрээ оруулахаар нэгдэж буйд талархал илэрхийлье. Цаашид салбарын хэмжээнд нэг зүгт харж тулгамдсан асуудлыг шат дараатай цэгцлэх, шинжлэх ухаанч бөгөөд ажил хэрэгчээр шийдэхийн төлөө хамтран ажиллах чухал" гэдгийг онцоллоо.