Өмнөд Солонгост караокены эрин үе өнгөрч байна

90

Норэбан буюу караоке нь Өмнөд Солонгосын орчин үеийн соёлын нэг хэсэг байсаар ирсэн билээ.
Гэвч энэ хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, солонгосчууд караокегоор үйлчлүүлэх нь багасаж байгааг тоо баримт харуулж байна.
Тухайлбал тус улсын үндэсний татварын албанаас гаргасан тайланд энэ оны долдугаар сарын байдлаар 25,900 караокены газар бүртгэгджээ.
2017 оны сүүлээр энэ тоо 33,000 байсан юм. Өөрөөр хэлбэл сүүлийн долоон жил хүрэхгүй хугацаанд караоке үйлчилгээний газруудын дөрөвний нэг нь хаагджээ.
Цар тахал үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох ч Өмнөд Солонгосын нийгэмд гарч буй бусад хандлагууд бас нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.
Ялангуяа залуу үеийнхний дунд ганцаар хооллох (хонбап), ганцаар уух (хонсул) соёл дэлгэрч, олуулаа наргихаас зайлсхийдэг болжээ.
Үүнээс гадна ажлын дараа хамт олноороо идэж, уудаг “хосик” гэгддэг соёл аажмаар арилж байгаа нь караокены эрэлт буурсны бас нэг шалтгаан гэж үзэж байна.
“Ажлын дараа үйлчлүүлдэг хүмүүсийн тоо цөөрч байгаа нь миний бизнесийг улам хэцүү болгож байна. Баяр, амралтын өдрүүдэд гэр бүлээрээ караокед цуглардаг заншил ч бас алга боллоо” гэж Сөүлийн нэг караокены эзэн өдөр тутмын Жүнан Илбо сонинд ярьжээ.
Хаалттай өрөөнд цагаар үйлчлүүлдэг караокены соёл анх Япон улсаас Өмнөд Солонгост дэлгэрч байсан юм.
“Korea Economic Daily” сонинд мэдээлснээр Өмнөд Солонгосын анхны караоке машин 1991 онд Бусан хотод суурилагдсан бол дараа нь тус хотын Хэундэ эргийн амралтын газарт анхны караоке өрөө нээгдэж байжээ.
Улмаар 2010-аад оны дунд үед оргилдоо хүрсэн гэж үздэг.
 
Эх сурвалж: Korea Times
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn