"Улаанбаатар үерт бэлэн байгаа эсэхэд хэн ч баталгаа өгөхгүй"

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр газ дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрыг нураахгүйгээр засварлах болсон талаар, Улаанбаатар хот үерт бэлэн үү гэдэгт хариулт өглөө. Шадар сайд С.Амарсайхан "Газ дэлбэрэлтэд өртсөн нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 207 дугаар байрны бат бөх чанар, бүтэц хийцлэлийн талаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид лабораторит шинжилгээ хийж, дүгнэлтээ УОК-ын хуралдаанд танилцуулсан. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр шатсан барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтийг үндэслэж, УОК байрыг ашиглах боломжгүй учраас нурааж, дахин шинээр барих эсвэл айл өрхүүдийг өөр газар нүүлгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Бид мэргэжлийн байгууллага, судалгаанд үндэслэж шийдвэрээ гаргасан. Гэтэл иргэд нь нийслэлийн удирдлагуудад байраа нураахгүйгээр засварлах хүсэлтэй байгаагаа хүргүүлсэн байна лээ. Энэ байрыг дахин төлөвлөх ажил бол нийслэлийн ажил. Нийслэлээс оршин суугчидтай зөвшилцөж, давхар хөндлөнгийн шинжээчид оруулах шийдвэр гаргасан гэж сонссон. Өнөөдрийн байдлаар ямар шийдвэр гарсныг мэдэхгүй байна.
Хэрвээ оршин суугчид тэр байраа засварлаж, орно гэж байгаа бол хэд хэдэн байгууллагын дүгнэлтийг гаргаж шийдвэрлэх ёстой шүү. Энэ бол иргэд, нийслэлийн эрх мэдлийн өөрсдийнх нь асуудал.