Археологич Д.Эрдэнэбаатарыг 5.4 сая төгрөгөөр торгов
Нийслэлийн прокурорын газраас археологич Д.Э, иргэн М.А нар нь НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах археологийн олдвор болох Соёлын биет өвийн эд зүйлсийг бусдад худалдаалахаар завдсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Д.Э, М.А нарыг Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн бусдад худалдаалахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулбал, Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт Эрүүгийн хуулийн 25.5-1-т заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг гадаадын иргэнд хагас тэрбум гаруй төгрөгөөр худалдах гэж байсан хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд 2021 оны гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилсан байдаг.
Тухайн үед Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэсэн дөрвөн залуу Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон өгч, авалцах гэж байсан талаарх мэдээлэл цацагдаж байв. Улмаар, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод байсан юм.