Т.Доржханд: Д.Эрдэнэбилэгээс хойш дараагийн нэг хаан гараад иржээ гэж харагдаад байна. Тэр нь Д.Баясгалан
Нүүрсний асуудлаарх хоёр дахь шатны сонсголын хүрээнд өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс асуулт асууж, хариулт авч байна.
Эдгээр төслийн нэг нь Богдхан төмөр зам юм. Төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн хүрээнд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээний асуудлаар шинжээч дүгнэлтээ танилцуулав.
Дүгнэлтэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 28, 7-ны өдрийн 31 тоот тогтоолуудаар их хэмжээний хэлцэл хийх эрхийг Б.Ганхуяг захиралд олгосон байна. Энэ хүрээнд туннель, эстакадан гүүр байгуулахад шаардагдах 734 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах болон бусад хэлбэрээр санхүүжүүлэх гурван талт гэрээ байгуулах эрхийг олгосон. Энэ хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 27-нд гэрээ байгуулагдсан гэжээ.
Шинжээч "Нүүрс нийлүүлэх гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Бодь группийн хооронд байгуулагдаж, хамгийн багадаа таван жил үргэлжилнэ гэжээ. Гэрээний төлбөрт мөнгөөр 43 тэрбум төгрөг, нүүрсээр 88.2 тэрбум төгрөгийг төлсөн. Одоогоор ямар ч гүйцэтгэл байхгүй.
Түүнчлэн гэрээ байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Тухайн үед үнэ баталгаажуулах хуудас дээр 3, 4 дүгээр давхаргын коксжих нүүрсний үнэ 130.66 ам.доллар гэж байсан. Харин гэрээг байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 113.46 ам.доллар болгожээ. Энэхүү хөнгөлөлтийн улмаас дөрвөн сая ам.доллар алдсан" гэв.
Шинжээч дүгнэлтээ танилцуулсны дараа Сонсгол даргалагч Б.Энхбаяр Хянан шалгах түр хорооноос шаардсан материалыг өгөхдөө Бодь групп хойрго хандсаныг шүүмжлэв.
Тэрбээр "Материалыг өчигдөр 21:30 цагийн үед ирүүлсэн байна. Өнөөдөр танай компанийн асуудал яригдаж байхад урд өдрийнх нь 21:30 цагт өгч байгаа юм. Хэнийг доромжлоод байгаа юм. Ирүүлэхдээ гэрээний мөнгөн дүнг даруулсан, дамжуулан гэрээнүүдээ бүгдийг нь нууцалсан байна" гэсэн юм.
Түүнчлэн гишүүд асуулт асууж, гэрчүүдээс хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Д.Баясгалан бол Монголын хуулийг шүүхтэй нь, төртэй нь худалдаад авчихсан гэж итгэчихсэн хүн байгаа. Намайг анх УИХ-ын гишүүнээр томилогдоход Улсын Дээд Шүүхийн шүүгчээр өөрийнхөө хуульчийг нэр дэвшүүлчихсэн явсан. Бид таслан зогсоож байсан. 13 хувийн хөнгөлөлт үзүүлсэн гэдэг чинь авлига" гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улс 2016 оны үе хүртэл нэг хаантай гээд л, барааг нь үзчхээд үхэх юмсан гээд Ц.Нямдорж гэж хүн хараад байсан. Тэр нь Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг гэж хүн байсан. Түүнээс хойш дараагийн нэг хаан гараад иржээ гэж харагдаад байна. Тэр нь Голомт банкны эзэн, "Бодь"-ийн эзэн Д.Баясгалан гэж хүн. Түрүүн хэлсэнчлэн хууль, шүүхтэй нь худалдаж авах ажлаар явсан байна.
Монголын эдийн засгийг банкирууд нь базаад тэнд уул уурхай хийдэг, энэ талд төмөр зам барьдаг гээд энэ чинь дэлхийн түүх. Солонгост яг ингэж явж байсан, ийм үед авлига, хээл хахууль гаарч байсан. Африк, Латин Америкийн түүхүүд ингэж явдаг. Одоо үүнийг таслан зогсоох цаг нь болсон байх" гэв.