Хотын даргын гурван “Э” ажиллагаа

245

Хотын дарга ажлаа авснаас хойшхи 1000 хоногт юу амжуулснаас тайлагнав. Ингэхдээ зөвхөн хэвлэлийнхэн гэлтгүй хотоос сонгогдсон гишүүдийг байлцуулсан нь нэг талаас шинэлэг, нээлттэй. Нөгөө талаас ажлаа ойлгуулж асуудлаа шийдвэрлэхэд дөхөм ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэв. Хотын даргын зангиатай уулзалт өнгөрснөө биш ирээдүй рүү чиглэсэн, шийдлийг эрэлхийлсэн. Одоо 1.6 сая хүн, арав гаруй жилийн дараа дахин нэг саяар өсөх гэж буй Улаанбаатар хотыг гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалаар хөгжүүлэхээр болсноо “задаллаа”. Өөрөөр хэлбэл, цаашид хотыг хөгжүүлэх гурван “Э” ажиллагаа хэрэгжих нь. 
Ингэхдээ цоо шинээр эхлэх бус Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж буйг дурьдав. Эрх зүйн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн Засгийн газар 2021 онд нийслэлд тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцээд, хотын түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх түүхэн шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг хотын дарга онцоллоо.
Өнгөрсөн гурван  жилийн хугацаанд  ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмэгдүүлжээ. Тодруулбал, дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан байна. Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж байгаа. Нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээс одоогийн байдлаар 415 автобус оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирэх юм байна.  
2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.6 саяд хүрнэ. Нийслэлийн орлогын эх үүсвэрийн 91.6 хувь нь татвар, 8.4 хувь нь татварын бус орлого байна. Хотын эдийн засгийн өнөөгийн байдал төсөв “шүтсэн” байгаа юм. Иймээс үе шаттай төлөвлөлт хийх, санхүүгийн олон эх үүсвэртэй болгон хөгжүүлж, хотын хөгжлийг индексжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж буй. Ингэснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болно. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл чухал гэж ажлаа зураглажээ.
 
Д.Сумъяабазар: Судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна
-Улаанбаатар хотод хийж, хэрэг­жүүлэх маш олон ажил байна. Хотын ажил гэдэг  цаг наргүй. Системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган төрийн албан хаагч ажилладаг. Хотын оролцохгүй салбар гэж байхгүй. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг системтэй бодлогоор үе шаттай шийдэхээр УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгуулсан. Энэ хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх ажлууд эрчимтэй явж байна. Анх удаа нийс­лэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруу­лалтыг шийдэх боломжтой болж байна.
Хотын даргын хийсэн ажлаас онцлох 10 эшлэлийг хүргэе. 
-Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.464 байна. Тиймээс шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ. Тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ.

-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ болгож  өргөтгөн шинэчлэх шаардлагатай. Нэг эгнээгээр нь дан нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Үр дүнд түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх юм.

-Нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарсан.

-Гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм.

-Дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд сургуулиуд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлагатай. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шархад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ.

-Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй 20 байршил байгаа бөгөөд өдгөө Улаанбаатар хотод 107.6 км үерээс хамгаалах байгууламж бий. Энэ хэмжээг 345 км-т хүргэж, голын сав газрын үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.

-Түгжрэлийг бууруулах хүрээнд холбоос зам, Яармаг, Зайсангийн гүүр, ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж байна. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал 50 орчим хувиар буурах тооцоолол бий.

-Зөвшөөрөлгүй хашаа, хайс, гарааш буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

-Нийслэлийн үнэт цаасаар хотын тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр болох “Эрдэнэс баян богд” төслийг  эхлүүлнэ. Хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр шийдэх шаардлагатай. Эдгээр хөрөнгийн эх үүсвэрүүд Хотын хөгжлийн санд төвлөрч, Улаанбаатар хотын иргэдийн хараа хяналт дор, ил тод, нээлттэй байна. 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn