“Авлигал хороолол”-ыг АТГ, ЭЦА-наас шалгаж, Хотын дарга шүүхэд давж заалдахаар болжээ

306

Гамшгийн хэмжээнд хүрсэн үерийн гол буруутан нь яалт ч үгүй Хан-Уул дүүргийн XV хороонд орших “Эм энд Жи констракшн” ХХК-ийн эзэмшлийн 11.8 га газар дээр усан дотор баригдаж буй “Авлигал хороолол” болж таарав. Уг нь “Усан парк” байсан ч аажмаар “Авлигал хороолол” болж хувирсан байгаа юм. Гэхдээ албан ёсны нэр нь “AQUA Garden” гэнэ.
Ямартай ч энэ барилгын цогцолбор нь голын гольдролыг өөрчилж, үерийн хамгаалалтыг эвдсэний гай нь гарч ирж буй бололтой. Үерийн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирол улам нэмэгдэж байна.
Энэ сацуу АТГ, ЭЦА-наас “Авлигал хороолол”-ыг шалгаж эхэлсэн байна. Мөрдөгчид газар олголт, барилга барих зөвшөөрөл сэлттэй холбоотой асуудлаас эхлээд “...Ард нь хэн байгаа вэ” гэдгийг илрүүлээд гаргаад ирэх бололтой. Одоогоор ил болж буй мэдээллээр “Эм энд Жи констракшн” ХХК-ийн эзэмшлийн энэхүү 11.8 га уг газрыг анх 2007 онд  Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав олгожээ. Яагаад гэхээр Д.Загджав Газрын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг барьж дээрх газрыг олгох төслийг НИТХ-д өргөн барьжээ. Энэ дагуу НИТХ-аас 2007 оны долдугаар сарын 4-нд уг газрыг олгох зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав нарт олгосон байгаа юм. Тогтоолд “...Засгийн газрын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн тухайн үеийн засаг захиргааны хуваарилалтаар I хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, Төмөр замын урд талд 11.8 га газарт хэрэгжүүлэх гурван үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй. Төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, автозамын холболт хийх, автозамын сүлжээ, үерийн далан барих, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг төслийн нэгдүгээр үе шатанд Монгол, Солонгосын хамтарсан “Эм энд Жи констракшн” ХХК-ийн хөрөнгө оруулалтаа шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавт үүрэг болгосугай. Дээрх төслийн саналыг дэмжиж Нийслэлийн 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд тусгуулах, газар ашиглуулах шийдвэр гаргаж, гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав нарт зөвшөөрсүгэй” гэжээ. Энэ тогтоолд НИТХ-ын дарга Н.Болормаа гарын үсэг зурсан байна.
Дараа нь 2008 оны есдүгээр сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт дээрх газрыг орон сууцны зориулалттайгаар олгосон 442 тоот захирамж гаргажээ. Мөн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2010 оны А/375 дугаар захирамжаар дээрх газарт “Үндэсний усан парк” байгуулах зориулалтаар “Эм энд Жи констракшн” ХХК-д 11800 м.кв газарт эзэмших эрх олгосон. Тэрбээр 2011 оны гуравдугаар сарын 25-нд 256 тоот захирамж гаргаж “Капитал” банкинд шилжүүлжээ. “Эм энд Жи констракшн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 256 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар 2011 оны дөрөвдүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ дагуу Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шүүх 2012 оны зургадугаар 18-ны сарын 97 дугаар тогтоолоороо дээрх газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д буцааж олгуулахаар шийдвэрлэжээ.
Дээд шүүхийн энэ шийдвэрийг биелүүлсэн А/951 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 оны аравдугаар сарын 18-нд гаргажээ. Ингэхдээ уг газрын зориулалтыг “ногоон байгууламж" болгож өөрчилсөн байна.
Дараа нь Нийслэлийн Засаг дарга Су.Батболд 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд А/1111 тоот захирамжаар гаргаж, дээрх газруудыг гурван хэсэг болгоод тус бүрт нь гэрчилгээ олгожээ.
Улмаар 2020 оны есдүгээр сарын 30-нд Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “...Газрын тухай хуулийг зөрчсөн тул” гэсэн шалтгаанаар “Эм энд Жи констракшн" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
 “Эм энд Жи констракшн" ХХК-ийн захирал А.Амарбаясгалан нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар 2020 оны аравдугаар сарын 27-нд Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Тэрбээр нэхэмжлэлдээ “... Усан парк”-ийг бүтээн байгуулах төсөл нь Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа томоохон төсөл юм. Энэ нь олон нийт, иргэдийн амралт чөлөөт цаг, эрүүл мэндийг дэмжих нийтийн эрх ашигт нийцсэн, улсын оронд маань хэрэгтэй, чухал ач холбогдолтой. Нэг даргын үзэмж, хууль бус үйл ажиллагааны улмаас олон жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан бүтээн байгуулалтын ажлыг зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хариуд нь Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шүүхэд гаргасан тайлбартаа “2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжийн тухайд “Усан парк, спорт цогцолбор барих” зориулалтаар байгуулах зориулалтаар  “Эм энд Жи констракшн" ХХК-д олгосон газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь тогтоогдсон. Бас Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, БОАЖ-ын, БХБ-ын сайдын 2015 оны зургадугаар сарын 5-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна. Дээрх захирамжийг гаргахын өмнө 2020 оны есдүгээр сарын 14-ны өдрийн 07/5202 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамж нь хуулийн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Гээд нэмэр болсонгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2021 оны гуравдугаар сарын 3-нд “...Нэхэмжлэгч "Эм энд Жи констракшн" ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ” хэмээх шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн одоогийн Засаг даргын зүгээс давж заалдахаар болсон байна.
Ер нь бол “Авлигал хороолол”-ыг сүндэрлэхэд Нийслэлийн Засаг дарга нар үүрэг гүйцэтгэжээ. Газар эзэмшүүлэх бүртээ “...Үерийн хамгаалалтын бүсийг сүйтгэ” гэсэнтэй адилхан зөвшөөрөл өгсөн. Хамгийн гол нь өмнөх Засаг дарга нарынхаа “алдаа”-г дараагийн дарга нь засаж, зөвшөөрлийг хүчингүй болгоход шүүх буцааж сэргээдэг. Энэ маш ноцтой үйлдэл юм. Захиргааны шүүх хоёр ч удаа Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргаж "Эм энд Жи констракшн"-ийн “Авлигал хороолол”-ыг барихад онцгой “гавьяа” байгуулсан байгаа юм.
Гэвч, энэ асуудлыг АТГ, ЭЦА-наас мөрдөн шалгаж, Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг давж заалдаад ирэхээр ардах бүгд нь ил гарч ирнэ. “...“Усан парк”-ийг яагаад “Авлигал хороолол” гэдэг болсон бэ. Энэ нэрийг хэн, яагаад өгсөн бэ. Анхаарал татаад байгаа эдгээр асуултаас эхлээд хариултаа олно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn