Зөвшилцөл үү, зөрчил үү!

300

Эх орон, газар шороо, их түүхтэй байхын зовлонг өнөөдрийн монголчууд туулж явна. Эцэг өвгөдөөс бататган оршоосон энэ өлгий нутгийн төрөлх хүн ардын хүсэл зорилго байгаад ч түүнийг хүч тарамдуулсан, хэдэнтээ хуваах гэсэн ашиг сонирхолд бусдын зоргоор хөтлүүлж байгаа аюултай цаг үед биднийг чухам хэн гэгч удирдагч нь авран чиглүүлж, ямархан үзэл санаа эр зоригийнх нь хөдөлгөгч хүч болох вэ? гэдэг асуултыг дор бүрнээ тавихад гэмгүй болжээ.
Олон ургальч үзэлд мунхарсан улс төрийн намууд, нэтэр дээрээ үзэл санааны гажуудалд өртчихсөн байгаа байдлаас үзвэл намуудаас эрс шинэчлэлийг хүлээхэд эргэлзээ төрж буй. Үүнийг тэртээх хорь гаруй жилийн өмнө суут бичээч Л.Түдэв бээр тов тодорхой, мэргэн зөнч шиг дүгнэн нийтэлсэн нь ч бий. Түүний оюун бодлын төвлөрөлийн үр дүнд буусан дүгнэлтээр “олон ургальч үзлийг тахин шүтсэнээр монголчууд өөрийн гэсэн үзэл санаагүй боллоо” гэх энэхэн ганц өгүүлбэр одоогийн улс төрийн орон зайг улс орных нь гуйвалттай тэр чигт нь багцалчихсан юм уу гэмээр.
Тэгвэл одоо байгаа нөхцөл байдлаа хэрхэн зөв өнцөгөөс үнэлж дүгнэх вэ?
Нийгэмд хувьсгалт сэрэхүйн үзэгдлийг илэрхийлэгч иргэний хөдөлгөөн, эвлэл нэгдлүүд, жагсаал цуглаан тасралтгүй өрнөсөөр байгаа билээ. Тэдгээрийн дотор Монгол улсыг цогцоор нь үнэлж чадсан нь хэд вэ?  Тэд аюулын 5 хувийг харчихаад түүнийгээ 100 хувийн үнэлгээ, дүгнэлт хэмээн ташааран хөдөлж байвал яах вэ? Эс бөгөөс аюулын 95 хувийг бодитоор нь үнэлж чадсан хэрнэ 5 хувийг нь харж чадалгүй орхигдуулсан бол яах вэ? Эсрэгээрээ аюулыг харлаа гэвч билгийн мэлмий хүрэлцэхгүйн мунхагаас үүдэж бусдын бэлтгэсэн өгөөшийг үмхээд авсан бол яах билээ? Иймийн учир л Монгол улсын нөхцөл байдлыг цогцоор нь үнэлж чадсан уу? гэдэг асуултыг тавихад хүрч байна. Цогцоор нь үнэлэхэд зүй тогтол хийгээд язгуур чанарыг хэрхэн таньж өнөөгийн тогтолцоо, иргэншлийн бодлогын түрэмгийллийн үнэн дүрийг гаргаж ирэх вэ? Үүнийг ухамсарлахад үхлийн хавцлын ирмэг дээр тулж ирсэн манайх шиг улсад цаг хугацаа хүрэлцэхгүй, хавцлаас нисч үхэхэд хүрнэ.
Үүсэн бүрэлдэж байгаа аюулыг биежүүлэхээс урьдчилж эвлэлдэн нэгдэж үл чадаж буй олз, алдар нэр хайгсдыг ойрын ямар хараан дээр нэгтгэж болох вэ? гэдгийг харилцан бодолцож, хамтран ухаан зарах хэрэгтэй болоод байна. Шинэчлэгдэж чадахгүй байгаа улс төрийн намууд ч улс орны бүрэн бүтэн оршихын утга учирт нэгдье гэвэл гудамжтайгаа хөл нийлүүлэх хэрэгтэй болно. Эв эед зангидагдаж чадахгүй байгаагаас зөрчил байсаар байна. Зөрчил хурцтах тусмаа тэмцэлд турхирч, тэмцэл нь өвөр зуурын алалцаан болж иргэний дайн өдөөх хөрсийг усалж, чийглэх нигууртай. Аль эсхүл эрх чөлөөний төлөөх олон улсын ашиг сонирхлын эсрэг турхираан болж мэдэх. Аль ч тохиолдол нь байсан амиа золино, гэмгүй ардын цус урсана. Гагцхүү амийг хайрлан, хамгаалж чадсан нь энэ цагт гавъяатан болох учиртай. Амийг хайрлахын тулд амь амьдрах хэрэгцээ үүсэх нь мэдээж хэрэг юм. Энэ нь нөгөө талаар үхэхгүй байх хэрэгцээ. Тэгвэл бид нэгдэж чадахгүй байгаа юм бол үхэхгүй байх хэрэгцээн дээрээ нэгдэж чадах уу? Энэ чухагтай.
Үхэхгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
Энэ асуултаас Үндэсний зөвшилцлийг эхлүүлэх нь оновчтой мэт. Хэдийгээр эвлэл, нэгдэл бүрт үндэсний зөвшилцлийн талаар яригдаж байгаа боловч хэрхэн яаж зөвшилцөх вэ? гэдэг гарааны цэгээ тогтож чадахгүй байсаар байна. Гэтэл алдсан хугацааг хүлээж аюул зогсоно гэж үгүй. Үхэхгүйн төлөө зөвшилцөлд хүрье гэдгээ нэгдүгээрт цор ганц таны заавраар ажиллаж буй уураг тархиндаа тунгаамаар байгаа юм. Үхэхгүй байх хэрэгцээг хэрхэн яаж нөхцөлдүүлэх вэ? Бид амьд байгаад газар шороогүй болвол дүрвээч, цагаачдын тавилангаас хэтрэхгүй.  Бид амьд байгаад оршихуй үгүй болбаас амь үгүй мэт царцана. Бид амьд байгаад язгуур эрх чөлөө үгүй аваас ус агаар үгүй мэт бачуурна.
Тиймээс үхэхгүйн тулд зөвшилцөх гэж байгаа юм бол Монгол Улсын оршихуй, газар шороо, хүн ардтайгаа элэг бүтэн байх стратегийн хэрэгцээг хангах ёстой болно. Тал талд хөх сэрэхүйгээр хэлэлцэн, хуралдаж буй ардууд яагаад эв нэгдлийн цэгээ олж харж чадахгүй байна вэ? Зөвшилцөл нэрээр хэн нэгэн ашиг сонирхлтон цаг хожиж байгааг санагалзвал буруудахгүй. Хэрэв эв нэгдлийн цэгээ тогтчихвол ард түмний хүч үүл мэт хуралдан зангирч, гарц, шийдэл нүдний өмнө зам мэт дурайна. Иймээс ард түмний хүч, нэгдлийг салангид байлгах хэрэгцээ геополитикийн тоглогчдын ашиг сонирхлын луужин болсоор байна. Халуун зуурын эед Хамаг Монгол нэгтгэгдэж, гүрэн улсын дээд нь болсон Их түүх бидэнд сургамж, туршлагаа харуулсаар байгааг бүү март. Их гүрний их ор залгахад туг сүлдийг барих авч ор залгагч хүмүүнийг оюуны өлсгөлөн нөмөрвөл түүнд Тэнгэрийн соёрхол, газрын ивээл үгүй. Гагц оюунтайгаа байгаа ард түмний хүч л их суудлыг хамгаалах үндэстэй. Үүний тулд дээр өгүүлсэнчлэн үхэхгүйн тулд зөвшилцөх анхдагч хэрэгцээн дээрээ нэгдье. Үхэхгүй байх стратегийн хэрэгцээгээ зөв томъёолъё. Ингэж сая эе эвийн оломд оломлогдон хуралдъя. Олом үгүй бол эмээл хэрхэн тогтох. Олом буй аваас эзэд унаандаа тогтоно буй за.
 
Социалогич Б.Бат-Эрдэнэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn