Хил нээгдсэний дараах боломж ба эргэлзээ

331


Ухань хотод коронавируст халдварын анхны тохиолдол илэрснээс хойш яг 3 жилийн дараа дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох Хятад улсын удирдлага энэ сарын 8-нд хөл хориог сулруулж, хилээ нээхээр шийдвэрлэсэн нь дэлхий дахины хувьд “гэнэтийн алхам” байлаа.  Учир нь, өнгөрсөн оны сүүлчээр болсон ХКН-ын XX их хуралд тус улсын удирдагч Ши Жиньпин илтгэл тавихдаа, “Тэг ковид” бодлогын үр дүнг сайшаасан ба цаашид уг бодлогыг үргэлжлүүлнэ гэдэг нь тодорхой болоод байсан юм. Үүнээс үүдэн коронавирусний эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд энэ оны эхний хагас жилийн турш үргэлжилнэ гэж ОУВС таамаглаж байсан бөгөөд тус сангийн зүгээс Хятадын удирдлагад хандаж, ковидын эсрэг хатуу бодлого нь дэлхийн эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа тул бодлогоо эргэн харахыг зөвлөж байв. 
Харин 12 дугаар сарын дунд үеэс Синьхуа агентлагийн мэдээнд “optimize” буюу ковидын эсрэг бодлогыг оновчтой болгох гэсэн үг дурдагдах болсон нь ковидыг үл тэвчих бодлогод өөрчлөлт орж магадгүй гэж дүгнэхэд хүргэж байв. Түүнчлэн Хятадын удирдагч Ши Жиньпин Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “манай улс коронавирусний эсрэг тэмцлийн шинэ үе шатанд шилжин орлоо” гэсэн юм.
 
Ер нь бол, өнгөрсөн оны сүүлчээс эхлэн ковидын эсрэг бодлого зөөлөрч буйн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн. Тухайлбал, нийтийн тээврээр зорчихдоо ПСР шинжилгээний сөрөг хариуг заавал үзүүлэх гэсэн шаардлагыг цуцалж, шинж тэмдэггүй өвчтөнүүдийг тусгаарлах байранд байрлуулахаа больж, гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвшөөрсөн байна. Нисэх онгоцонд нь халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд агаарын тээврийн компаниудыг торгодог байсныг цуцалсан гэх мэт. 
Улмаар Хятад улс хилээ нээхээр шийдвэрлэсэн нь юуны түрүүнд тус улсад ковидыг “онцгой аюултай А ангиллын өвчнүүд”-ийн жагсаалтаас хасаж, В ангилалд оруулсантай холбоотой ажээ. Хятадад ирж буй гадаадын иргэдийг тусгаарлахгүй, гэхдээ ирэхээсээ  өмнө 48 цагийн дотор ковидын шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг Хятадын Эрүүл мэндийн үндэсний комисс тавьж байна.
 
Ням гарагийн өглөөний 6.30 минутанд Шинэ Зеландын нисэх онгоц Шанхай хотын Пудонг олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь ковидын хөл хорио тогтоосноос хойш Шанхайд бууж буй хамгийн эхний нислэг байлаа. Түүнчлэн Хонконгоос эх газарт хүмүүс олноороо ирж байгаа тул өдөрт 60 мянга хүн хүлээн авах квот тогтоожээ.
 
Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн хийсэн судалгаагаар, гадаадын бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудын 91 хувь нь “халдварын эсрэг бодлогыг оновчтой болгох” шийдвэрийг бүрэн дэмжиж байна.
 
Угтаа бол ханиад томууны улирал өнгөрсний дараа хөл хориог зөөлрүүлж, улмаар 4 эсвэл 5 дугаар сард цуцлах байх гэж шинжээчид таамаглаж байлаа. Дээрх шийдвэрийн дагуу Монгол-Хятадын хилийн боомтуудаас хамгийн түрүүнд Замын-Үүд-Эрээний боомт ням гарагт нээгдсэн бол цаашдаа Шивээхүрэн - Сэхээ, Ханги-Мандал, Бичигт- Зүүн хатавч гэсэн дарааллаар бусад боомтыг нээхээр төлөвлөж байна.
 
сонин mn
Эрээний боомт нээгдсэнд манай худалдаачид  “хөөрөн догдолж” байгаа бол гадаадын улс орнууд, олон улсын байгууллагууд Хятадын шийдвэрт нэлээд болгоомжтой хандаж байна. Хоёрхон долоо хоногийн дараа болох Цагаан сарын баяраар 500 сая гаруй хятад иргэд төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар улс орон даяар зорчих тул халдварын шинэ давалгаа дэгдэнэ хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Хятадын Тээврийн яамны мэдээллээр, ирэх 40 хоногийн хугацаанд хүн амын асар том шилжилт хөдөлгөөн явагдаж, давхардсан тоогоор 2 тэрбум гаруй хүн зорчих төлөвтэй. 
Шинжаан-Уйгурын Өрөмч хотод гал түймэр гарсны дараа Хятадын олон хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал цуглаан болсноос үүдэн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргасан гэж барууны зарим хэвлэлд бичиж байна. Харин үүнийг Хятадын Олон улсын радио няцааж "Хятадын халдвар хамгааллын бодлого өнгөн талаас нь харахад гэнэт өөрчлөгдсөн мэт боловч хэрэг дээрээ Засгийн газар уг шийдвэрийг гаргахын өмнө маш их судалгаа хийж, эмч мэргэжилтнүүдийн саналыг сонссон” гэжээ.
 
Мөн баасан гарагт Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Мао Нин мэдэгдэхдээ “одоогоор Ковид-19-тэй холбоотой нөхцөл байдал бүрэн хяналтанд байна” гэлээ. Харин ДЭМБ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан хэлэхдээ “ковидын тархалтын талаарх Хятадын өгч буй мэдээлэл нь халдварын цар хүрээний талаарх бодит төсөөллийг бидэнд өгөхгүй байна” гэж мэдэгджээ. Хятадын талын өгч буй мэдээллээр, өдөрт 4 мянга гаруй хүн халдвар авч, 4-5 хүн нас барж байгаа бол Их Британийн Airfinity компанийн мэдээлэлд дурдсанаар, бодит байдал дээр 1 сая гаруй халдварын тохиолдол илэрч, 9 мянган хүн нас барж байгаа ажээ. 
Хятад иргэд олноороо аялдаг гол чиглэлүүдийн нэг бол Япон бөгөөд тус улсын эрх баригчид мэдэгдэхдээ “Хятадаас ирж буй бүх хүний ковидын шинжилгээний хариу сөрөг байх, эерэг гарсан тохиолдолд 7 хоногийн хугацаанд тусгаарлана” гэсэн шаардлагуудыг тавьж байна.  Үүний адилаар Хятадын иргэд нутгаасаа нисэхээс өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг АНУ, Франц, Итали, Австрали, Энэтхэг, Испани улсууд тавьж байна.
 
Энэ мэтээр Хятадаас ирж буй иргэдээс ковидын шинжилгээний хариу шаардаж буйг  БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ма Нин  “шинжлэх ухааны үндэслэлгүй, ялгаварлан гадуурхсан үйлдэл” гэж буруушаагаад “ковидын эсрэг арга хэмжээг улс төрийн зорилгоор ашиглаж байгаагийн хариуд зохих арга хэмжээ авна” гэж мэдэгдэв. Цар тахлаас өмнө жилд 155 сая хятад иргэд гадаадад жуулчилж, очсон улсууддаа 250 тэрбум долларын орлого оруулж байсан гэх тоо бий. Зөвхөн Таиландад гэхэд, 2019 онд 11 сая хятад жуулчин ирж байжээ. Үүний сацуу Хятадын жуулчдын тоо нэмэгдэх тусам тэднийг хүлээн авч буй улсуудад багагүй асуудал үүсэх бололтой. Жишээ нь, Өмнөд Солонгост ирсэн хятадуудаас ковидын шинжилгээ авахад тэдний 20 хувийнх нь шинжилгээний хариу эерэг гарчээ. Одоогийн байдлаар, бизнес эрхлэгчид ба оюутнууд Хятад улс руу зорчиж байна. Харин коронавирусний халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад аялал жуулчлал, эмчилгээний зорилгоор зорчих гадаадын иргэдийг хүлээн авах боломжгүй байгааг анхаарах нь зүйтэй.   
Б.Адъяахүү
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn