Тахал гарах нь гээд нэг жил, тахал тусаад хоёр жил хоосон суусан ард түмэнд хэмнэнэ гээд ч юм үлдсэнгүй

424

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна. Засгийн газар гэдэг бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай” тухай хэлсэн. Үндсэндээ Их хурлын даргын Их хурлын чуулганы индрээс ард түмэндээ хандаж хэлснээр бол монголчууд бид дэндүү тансаг хэрэглээтэй амьдарч байгаа аж.
Тэгээд энэхүү тансаг хэрэглээгээ одоо тана, амьдралаа хэмнэлтийн горимд шилжүүл гэж зориуд анхааруулж байгаа юм байна. Занданшатар дарга аа, та ард түмнээ тохуурхаж басамжилсан амьдралгүй, амьдралаас хол хөндий үг хэллээ. Тахал гарна гээд нэг жил, тахал тусаад хоёр жил хоосон суусан ард түмэнд одоо хэмнэе гээд ч хэмнэх юм үлдсэнгүй. Өндөг, талх хоёр идэхийг л тансаглал гэхгүй юм бол өөр тансаглатлаа танаад, хэмнэлтийн горимд шилжээд байх зүйл ард иргэдэд алга. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ” гэж хэлж байсан удаатай.
Сая чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Бид дэлхийд хаана ч байхгүй хямд үнэтэй талх идэж байна” гэж ядарсан иргэд рүүгээ дайрч давшилсан маягтай хэлсэн. Эрх баригчдын хэлдэгчлэн өндөг, талх хоёрыг тансаг хэрэглээнд тооцдоггүй юм бол өвчин тахал гээд сүүлийн гурван жил гуйвтлаа хоосон сууж байрныхаа түрээсийн мөнгө, ус дулааны мөнгөө арай ядан цалингаасаа илүүчилж, өвчин зовлонгийн энэ үед үнэндээ эм авах ч мөнгөгүй ард түмнийг тансаг хэрэглээгээ хэмнэ гэдэг арай хэтэрхий басамжилсан явдал. Ингэж та бүхэн эндүүрч дэмийрч болохгүй. Ер нь эрх баригчид, сайд дарга нар аливааг өөрсөд шигээ санах юм. Бодоход байсхийгээд л гадагшаа явж брэндийн дэлгүүр хэсч, аялж зугаалдаг авгай хүүхнүүд нь доллар ховордлоо гээд “боож үхэх” гэж байгаа. Бас Хөгжлийн банк тоносон дарга даамлуудаа хараад л тансаглаж байна гэж сүйд болоо биз. Мах гурилаа болгоод шинээр хувцас ч авч өмсөж чадахгүй, ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өр зээлнээс өр зэлний хооронд амьдарч, галзууртлаа өсч буй үнийн өсөлтийн өмнө сөхөрч суугаа ард түмэнд өнөөдөр долларын хэрэгцээ гэж алга. Долларын өсөхийн хэрээр монгол төгрөг цаас болж байгаа нь ядарсан олонд нэрмээс болж байгаа. Түүнээс ард түмний амьдралд долларын өсөлт ямар ч падлийгүй. Дарга нар өөрсдийнхөө жишгээр бодоод монголчууд биднийг доллар бага хэрэглэ, машин унаа болоод гаднаас доллараа авдаг бүх зүйлийг таслан зогсоо гэж загнаад байгаа нь яг жинхэнэдээ ийм учиртай.
Бид сүүлийн гурван жил төр засгийн хатуу харгис хорионд байхдаа хэмнэсээр байгаад, бүсээ чангалсаар байгаад одоо ууц нуруу нь тасрах гэж байна. Ийм байтал дахиад хэмнэ, хэмнэлтийн горимд шилж гэж цэвдэг хүйтэн үг хэлэхээр чинь яах болж байна аа. Өлсгөлөндөө тулах хэрэг үү. Их хурлын гишүүүд, эрхтэн дархтан сайдууд монголчууд биднийг ер нь өлсгөлөн гуйлгачин байлгахыг хүсээд байна уу. Х.Болорчулуун гишүүн “Та нар дэлхийн хамгийн хямд талх идэж байна. Хамгийн хямд үнэтэй гурил идэж байна. УИХ чадан ядан энэ Монголыг чинь тэжээж байна. Өнөөдөр монголчууд шиг хямд мах, 1000 гаруй төгрөгийн үнэтэй талх, гурил идэж байгаа улс орон дэлхийд хаана ч байхгүй. Үүнийг би баталгаатай хэлнэ” гээд ард түмнээ загнаж зандраад унасан. Болорчулуун бол Монголын хамгийн поп улстөрч. Сүүлийн арван хэдэн жил УИХ-д дараалан сонгогдож дархан эрхтэй сууж байгаа. Оюу толгой болоод гадны уул уурхайг ганц эсэргүүцдэг гишүүн. Тэрээр Дорнодын гурилын үйлдвэрийн босс. Ард түмэн гурилыг нь хямд үнээр авч байна, өндөр үнэтэй авах хэрэгтэй гээд горойж үхэх гэж байгаа бололтой. Яг бодит амьдрал дээр бид тийм хямдхан гурил, бас хямд талх иддэг улс орон биш. Англид өнөөдөр нэг кг гурил нэг паунтын үнэтэй байна. Монгол мөнгөөр 3800 төгрөг. Харин манайд нэг кг гурил 1800 төгрөг байна. Тэгвэл Англид эмчийн дундаж цалин 7 хоногтоо 2000 паунт, монгол мөнгөөр 7 сая 600 мянга, сардаа бодохоор 30 сая 400 мянган төгрөгийн цалинтай. Монголд нэг эмчийн цалин 800 мянга. Ийм хол зөрүүтэй байна. Эрх баригчид сардаа 30 саяыг больё гэхэд 5 сая төгрөгийн цалин өгчихөөд ард түмнээ хямд талх, гурил идэж байна гэж загнах хэрэгтэй. Монголчууд бид дэлхийд байхгүй бага цалин авдаг. Бараг л боолын хөдөлмөр эрхэлж байгаа гэхэд болно. Дэлхийд хамгийн үнэтэй талхтай гэгддэг дөрвөн орны талхны үнийг иргэдийнх нь цалингийн дундаж үнэтэй харьцуулсан судалгаа сүүлийн үед нийгмийн сүлжэгээр явж байна. Үүнд Исландад 1 талх 3.37 доллар бол цалин 3300 доллар, Норвегид талх 3.17 доллар цалин 3600 доллар, Швейцарьт талх 3.12 доллар, цалин 5.941 доллар, АНУ-д талх 2.8 доллар, цалин 5 сая 783 доллар Монголд талх 0.64 доллар цалин 542 доллар. Цалингийнхаа үнэтэй талхны үнээ харьцуулахад бид Болорчулууны хэлснээр дэлхийн хамгийн хямд гурил, талх идээд байна уу, үгүй л байхгүй юу.
Монгол ардын нам татвар нэмэхгүй гэж сүүлийн хоёр сонгууль дараалан ялалт байгуулж арваад жил засаг барьж байна. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, автомашины татвар гээд иргэдийнхээ халаас руу гараа шургуулж есөн төрлийн татварыг нэмсэн. Сарын 3.5 саяас дээш орлоготой иргэд 25 хувийн татвар, сүүлд шаталсан татварын тогтолцоо гэж бас иргэдийнхээ халаасыг сэгсрэхийн төлөө дарйсан. Ингээд татварын нэмэгдэлд иргэд цөөхөн хэдэн төгрөгийн цалингийн 40 хувийг татварт суулгачихаж байна. 300-500 долларын цалиндаа 40 хувийг нь татварт өгчихөж байгаа, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт нам зогссон, мөн сүүлийн гурван жилийн хатуу хорионд байсан ард түмэн юугаараа тансаглах болж байна вэ. Их хурлын дарга Занданшатар та одоогоос арван жилийн өмнө гадны хөрөнгө оруулалтын эсрэг хууль батлаад улс орныг хорлосон. Тэр уршгийн чинь гайгаар гадны хөрөнгө оруулалт нам зогсож, эдийн засгийн цусны эргэлт байхгүй болсон. Гэтэл та өнөөдөр хэмнэлтийн горим ярьж буй чинь арай дэндэж байгаа юм биш үү. Ардын намын түшээдийн ааш авир ингээд зогссонгүй. “Хойтон өвлөөс та нарын тог цахилгааныг тасална” гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн заналтайгаар хэлээд байгаа. Эрчим хүчний сайд, төсвийн байнгын хорооны дарга, Төрийн сангийн даргаар ажиллаж байсан, Сангийн яаманд мөн сайд байх хугацаандаа эрчим хүчний бүх л төсөл хөтөлбөрийг зогсоосон гэж яригддаг энэ хүн ингэж хэлж байгаа нь монголчуудаа тавлаж байгаа бус уу.
Ц.Даваасүрэн 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож Монголын парламентад 16 жил сууж байна. Гэвч тэрээр “ард түмний цахилгааныг тасалж харанхуй байлгана” хэмээн тавлаж занаад зогсохгүй “Орос, Хятад хоёр хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ” гэж Их хурлын чуулган дээр мэдэгдэж байгаа нь ямар учиртай юм бэ. Даваасүрэн гишүүн ээ, энэ юу гэсэн үг юм бэ. Таны хэлж байгаа шиг монголчууд өлсөхөөрөө бие биенээ алж идэх юм уу. “Танай хоёр улс хилээ хаачих, наад монголчууд чинь хоорондоо дайтаж сүйрнэ” гэж орос, хятадуудад хэлээд байгаа юм уу. Монгол ардын намынхан, Их хурлын гишүүд та нар битгий ингэж горьд оо. Орос, Хятад хоёр хилээ хаахад монголчууд хоорондоо дайтахгүй. Битгий сэрүүн зүүдэл. Ёстой горьдсоны чинь гарз. Өлсөж туйлдсан ард түмэн хоорондоо байлдахгүй, харин улс орныг ийм байдалтай болгож, хаа хамаагүй Европт болж байгаа дайны хөлд ард түмнээ сөхрүүлсэн эрх баригчид та нарын эсрэг босч магадгүй. Ард түмнээ ядуу хоосон байлгах гэж ингэж их тохуурхсан, дээрэлхэж дарласан, баян цатгаланаа гайхуулсан, онгирч сагсуурсан та нөхдийн өөдөөс олон түмэн босч мэднэ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд ард түмний тэвчээр барагдах цаг ирнэ. “Ард түмэн идэх талхгүй байна” гэхэд тэдэнд тоорт өгвөл яасан юм гэж хэлээд хувьсгал гарч дүүжлүүлсэн Францын хатан хаан Мариа Антаунетта шиг эрх баригчид ингэж галзуурахаа одоо боль. Монголын төрийг удирдаж байгаа нөхдийн дайны сургаар юу ч хийж чадахгүй дүлэгнэсэн царайг хараад дэлхийн улс орнууд биднийг дэмжихээ больж байна.
Дэлхийд ганцхан Орос гэдэг улс орон байдаг юм шиг манай эрх баригчид орос дарга нараас айгаад юу ч хийж чадахгүй гөлөгнөцгөөж байна. Оросын эрх барьж байгаа Путины “Нэгдсэн орос нам”-аас Монгол ардын намынхан маш их доллар авсан тухай, 2000 оноос хойш Монголын улс төрд явсан бүх удирдагчид нэгдсэн орос нам, Путинээс ихээхэн хэмжээний доллар авсан гэх яриа гадаад дотоодгүй дуулдах боллоо. Европт болж байгаа дайны хөл манайд ингэж айхтар нөлөөлж Монголын эрх баригчид орос дарга нараас ухаан алдацгааж байна. Тиймдээ ч “Дэлхий дахины байдал хурцадмал байдалтай байна. Дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бид бодитойгоор ойлгох хэрэгтэй” гэж Г.Занданшатар хэлж байна. Тэнд болж байгаа дайн монголчууд бидэнд юуны хамаатай юм бэ. Монгол Улс кремлийн гинжнээс салаад, ардчилсан тусгаар улс болоод 30 хэдэн жил болж байна. 1945 оны дайны үед Монголд юм ховордсон өнөөдрийнх шиг байдал үүсч байсан гэдэг. Яг түүн шиг Монголын удирдагчид толгой дараалан хулчганалдацгааж “дайн” гэж ч хэлж чадахгүй сэтгэл санааны хувьд бүгд 1945 оных шиг болчихоод байна.
Ард түмнийг зоригтойгоор түүчээлээд залаад явах удирдагчид харагдахгүй байна. Бүгд геополитикийн зөрчил боллоо, түүний сүүдэр туслаа, тансаг хэрэглээгээ боль, хоёр хөрш маань хилээ хаавал бид хоорондоо дайтна, бид хамгийн үнэтэй гурил, талх идэж байна, дахиад бүсээ чангал гэж ядарсан олон руугаа дайрцгааж байна. Улс орныг хэзээ ингэж удирдаж байсан юм бэ. Ийм удирдагчид гэж байдаг уу. Ардын намын дарга нар, төрийн түшээд та нөхдүүд орос дарга нараа бодоод ард түмнийхээ амьдралыг ингэж хөсөр хаяж, золионд гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ. Ард түмнийг тансаглалаа гэж доромжлон тохуурхчихаад өөрсдөө болохоор Хөгжлийн банкны зээлээс аваад улс орноо тонож хувааж идэж байгааг чинь юу гэх вэ. Ингэж улс орныг удирдахгүй ээ. Энэ бүхнээс харахад төрийн толгойд байгаа нөхдүүд энэ хэцүү бэрх тахал, дайн дажины үед улс орныг удирдах ямар ч чадваргүй болсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn