Орон нутагт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг чухалчлав

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны Архангай аймаг дахь баг өнөөдөр Цахир суманд ажиллав. Ажлын хэсгийн гишүүд иргэд болон намын гишүүд, дэмжигчдийн санал хүсэлт, үзэл бодлыг сонсож, төрийн бодлого, шийдвэр, улс орны хөгжил дэвшлийн талаар нээлттэй мэдээлэл солилцох уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын эдийн засаг 23 их наядаас 90 их наяд төгрөгт хүрч өссөн, экспортын хэмжээ дөрөв дахин нэмэгдсэн, хатуу хучилттай авто замын урт 6500 км-ээс 11 мянган км болж өргөжсөн, эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 МВт-аас 1900 МВт болж нэмэгдсэн зэрэг бодит үр дүнг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан юм.
Түүнчлэн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд 250 гаруй цэцэрлэг шинээр ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 60 хувиас 85 хувьд хүрсэн. Мөн эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон хөгжлийг дэмжих бодлого, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчныг сайжруулах эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх тогтолцооны өөрчлөлт, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан юм.
Мэдээллийн дараа иргэд Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй улс орны хөгжил, орон нутгийн ирээдүйд чиглэсэн бодлого, шинэчлэлүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж, санал хүсэлтээ идэвхтэй солилцлоо.
Тухайлбал УИХ-аар хэлэлцэж буй Шударга тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар сонирхон санал бодлоо илэрхийлж байв. Уг шинэчлэл хэрэгжсэнээр олон жил ажиллаж, илүү өндөр шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх бөгөөд нийт ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг бууруулах ач холбогдолтой.
Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг орон нутагт нэмэгдүүлэх, алслагдсан баг, малчин өрхүүдийн эрчим хүчний хүртээмжийг сайжруулах талаар ч санал бодлоо хуваалцаж, ногоон хөгжлийн бодлогыг бодит ажил болгоход иргэдийн оролцоо, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймаг орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд болон цаашдын хөгжлийн зорилтуудыг танилцуулж, иргэдийн асуултад хариулан санал солилцлоо.
Уулзалтын дараа УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар сумын ахмад настнуудтай уулзан хүндэтгэл үзүүлж, тэдний амьдралын туршлага, үнэт зөвлөгөөг сонссон юм. Ахмадууд улс орны хөгжил, төрийн бодлогын хэрэгжилтийн талаар санал бодлоо илэрхийлж, тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөв.




